Д.Гүрсэд: Их урлаг гэдэг бол жүжигчин хүнээс нөр их хөдөлмөрийг шаарддаг

Монгол Улсын Гавьяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэдийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таниар сонин сайхан юу байна вэ. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоохондоо бол надад киноны санал ирээгүй байна.Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед кино урлагийн салбарыг дэмжих асуудал зогсонги удаашралтай байгаа. Тийм учраас уран бүтээлчид одоохондоо түр завсарласан байдалтай л байна. Ер нь Монгол Улс оршин тогтнохын нэг үндэс бол дэлхийд эх орныхоо өв соёлыг сурталчилж байгаа кино урлагийн салбар.

Биет болон биет бус соёл өдрөөс өдөрт алслан одох гээд байгаад сэтгэл эмзэглэж явдаг юм. Зүгээр дөрвөн ханан дотор кино хийгээд Монгол Улсыг дэлхийд сурталчилна гэж байхгүй. Өнөөдөр Монголчуудын дэлхийд танигдах, бишрэгдэх зүйл бол нүүдэлчин соёл иргэншил, суурьшмал амьдралтай хэрхэн хослуулж явж байна гэдэг асуудал. Улаан хацартай монгол хүүхдүүд, хоёр салаа гэзэгтэй улаа бутарсан монгол бүсгүй өнөөдөр дэлхийн талыг эзэлж явсан их өвөг дээдсийн угсаа гэдгээрээ бид нар бахархаж, тэднийхээ үлдээж өгсөн олон зуун жилийн шалгарлаар хүн төрөлхтөнд гайхагдах ёстой юм. Үүнийг л бид кинондоо шингээж, дэлхийд танигдмаар байна. Тэгэхээр төр засаг кино урлагийн салбарыг анхааралдаа авч дэмжмээр л  байгаа юм. Соёлын яам байхгүй болсноор нэг их том салбарын хавсарга болгоод хаячихсан. БСШУСЯ болсноор боловсролын салбар руу анхаарал тавьж соёлоо хаяад байгаа нь өнөөдөр сэтгэлд буухгүй л байна.

Гэхдээ Монголын кино урлаг, соёл урлаг мөхчихөөгүй, амьсгал тасарчихаагүй, шинэ  залуу үеийн уран бүтээлчид бор зүрхээрээ урлагийн түүчээн болж явдагт би баярладаг.

-Та сүүлийн үед амьдрал үзэж, хат суусан бидний ярьдгаар “яхир өвгөн”-ий дүрийг их бүтээх болжээ. Таныг яагаад ийм дүрд тоглуулах болов. Эсвэл амьдрал дээрх Д.Гүрсэд гуай ийм дүр бүтээхэд тохироод байна уу?

-Өт хүртэл биендээ хүргэвэл атирдаг гэгчээр өгөгдсөн дүрийн мөн чанарыг  гаргахын тулд  чадахаараа зүтгэж байна. Уг нь би тийм ч ааштай хүн биш л дээ. /Инээв/

Ер нь ахмад уран бүтээлч, аваргууд “чамд эсрэг талын дүр зохицохгүй. Чи эерэг дүрд тоглох ёстой” гээд “Саруул талын ерөөл” киноны Нацагдоржийн дүр, “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жононгийн дүр, “Чин Ван Ханддорж” киноны  Ханддоржийн дүр, “Говийн зэрэглээ”, “Би нисэх дуртай”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг кинонуудад эсрэг талын дүрд тоглож байсан юм байхгүй л дээ. Яах вэ, сүүлийн үед эсрэг талын дүрүүдээр оролдож л байна. Зарим нь ч хүмүүст хүрч л байх шиг байна. “Хоёр гүүрний цаана” кино бол өнөөдөр нийгэмд бугшаад, газар аваад байгаа данагар дарга нарын цүнхийг барьж явсан этгээдүүд захирлын суудалд суух гэж ямар муухай арга заль хэрэглэж байна вэ гэдгийг нэг өнцгөөс харуулсан уран бүтээл. Киноны гол дүрийн өвгөн яхир зан гаргаж байгаа ч үртэй хүн голоо тасартал үр хүүхдүүдийнхээ төлөө байдаг гэдгээр өнчин үлдсэн ач охиноо хүний зэрэгтээ, айлын дайтай айл болгохын тулд өвгөний яхир ааш гаргаж байгаа юм.

– Анх урлагтай хэрхэн холбогдож байсан бэ?

Би мэргэжлийн жүжигчин. 1976 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсэлт өгч ажилчин ангийн эгнээнээс урлагийн амьдрал руу хөлгийн жолоо залсан. 1976 онд АЖ, нэрт найруулагч н.Мөнхдорж анхны бие даасан ангиа авч манай ангийн 26 оюутан тэр хүний шавь болсон доо. Манай ангийн 13 оюутан нь ажилчин байсан, 13 оюутан нь ерөнхий боловсролын  сургуулийн ширээнээс ирсэн хүүхдүүд байж. Тэгээд 1980 онд кино драмын ангийг төгсөж соёлын яамны хуваарийн дагуу тэр үеийн Улсын Драмын театр, Үндэсний жүжгийн эрдмийн театрт ангийн зургаан оюутны хамт жүжигчнээр очиж байлаа. Тэр цагаас хойш урлагийн гал тогоонд ажиллах зам мөр маань эхэлсэн. Харин 1979 онд бид бүхний танил, хүндэлж хайрладаг УГЗ  нэрт найруулагч Х.Дамдин агссаны “Газрын үнэр” киноны зураг авалтад ангиараа оролцож байсан. Тэр үед би бригадын даргын дүрд тоглож,   дэлгэцийн урлагт хөл тавьсан.

Шинэ залуу уран бүтээлчид маань намайг хөгширсөн гэхгүйгээр уран бүтээлдээ урьж тоглуулж байгаад би баярлаж л явдаг. Монголын кино урлаг хүний бүхий л амьдралын хүрээг харуулдаг учир өнөөдөр өвөөгийн дүр их ирдэг боллоо. Одоо яах вэ, хорвоогийн жам, өтлөхгүй нас гэж байхгүй, тэгээд өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралыг залуу үеийнхэндээ “хүн гэдэг ийм л  байх ёстой юм шүү” гэсэн ухуулга, сурталчилгаа, ухаарал энэ бүгдийг таниулъя гэж зүтгэж явна даа.

 -Газрын үнэр киноны Бригадын дарга, хамгийн сүүлд бүтээсэн киноны дүр хоёрын хооронд асар их өөрчлөлт гарсан байх?

-Тэгэлгүй яахав. Хүн чинь номын дуу сонсоод ширээний ардаас гарахад их омголон, дэврүүн байдаг юм билээ. Театрт очоод тайзан дээр гаргахад өнөө омголон зан өөрийн эрхгүй дарагдаж байгаа юм даа. Намайг Улсын Драмын театрт очиход залуу уран бүтээлчдийг ахмад уран бүтээлчид хүлээн авч зааж сургадаг байлаа. Тэр үед Төрийн шагналт, АЖ Г.Гомбосүрэн багшийнхаа халамжлан хүмүүжүүлэх шавь нь болж багшаасаа дүрдээ хэрхэн ажиллах, дүрийг үйл явдлаар баяжуулах гэдэг их энгийн мөртлөө хэцүү зүйлийг сурч байлаа. Та бидний сайн мэдэх АЖ Д.Мэндбаяр миний ээжийн дүрд олон удаа тоглосон. Тэр цагаасаа хойш Д.Мэндбаяр гуайг өнөөдрийг хүртэл “ээжээ” гэж дуудаж яваа. Урлагт хөлгийн жолоо залснаас хойш 40 гаруй жилийн турш урлагийн бүхий л салбарт ажиллаж, их зүйлийг мэдэрч, ойлголоо. Их урлаг гэдэг бол хүний хүч, авьяас билгийг сорьж нөр их хөдөлмөрийг шаардаж байдаг гэдгийг залуу хойч үеийнхэндээ хэлж ойлгуулж явна даа.

– Мэргэжлийн жүжигчдийн бүтээхийг хүсдэг олон сайн эрс, баатрын дүрийг та бүтээсэн. Гэхдээ хүсэлд хязгаар үгүй гэдэг шүү дээ. Танд бүтээхийг хүсдэг дүр бий юу?

-Монгол аавын гүндүүгүй, шударга сайхан дүрийг бүтээхийг зорилгоо болгож явж байна.

-“Говийн зэрэглээ” кинонд тоглосон жүжигчдийн ихэнх нь мөнх бусыг үзүүлсэн. Таныг ганцаараа үлдсэн гэх нь бий. Киноны уран бүтээлчдийн талаар домог шиг яриа бидэнд сонсогддог байсан. Энэ хэр үнэний ортой юм бэ?

-Энэ бол эхлэл, өрнөл, тайлалтай их уран бөгөөд худлаа зохиол юм. “Говийн зэрэглээ” киноны зураг авалтынхан айл ороод буцалсан цай уутал тэр нь хүйтэн байсан, тэгээд сандраад гарсан, эргээд харсан нөгөө айл байхгүй байсан гэсэн худал цуурхлыг тараасан байсан.

Манай киноны гол дүрд тоглосон  Я.Оюунцэцэг маань хүнд өвчний улмаас онош нь тодрохгүй байж байгаад бурхан болсон. Дараа нь Арслан буюу найруулагч Г.Доржсамбуу маань нас барсан. Цуурхал хэлбэрийн богино хэмжээний аман зохиол хийж ард түмний дунд ярьж итгүүлэх гэж оролдож явсан хүн нь одоог хүртэл олдоогүй. Манай кинонд тоглосон уран бүтээлчид цаг зуураар хүнд өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

Гэвч хүмүүс энэ цуурхалд итгэчихсэн байсан. Бүр намайг Сэлэнгийн Долгио чуулганд ажиллаж байгаад хэсэг харагдахгүй болоход “Д.Гүрсэд бурхан болжээ” гэж сонин дээр бичиж байсан юм даа.

Та нисгэгчийн дүрийг их бүтээсэн байдаг. Эндээс таныг нисгэгч юм болов уу ч гэж бодогддог байлаа. Нисгэгчийн дүрийг хэрхэн бүтээж байв?

-Би өөрийгөө их хувь заяатай гэж боддог. Монголын иргэний агаарын  тээврийн  тухай хийгдсэн хоёр ч кинонд нисгэгчийн дүрд тоглосон. 1980-аад онд “Говийн зэрэглээ” кинонд онгоцны нисгэгчийн дүрийг бүтээсний дараа 1987 онд “Би нисэх дуртай” кинонд нисгэгчийн дүр бүтээсэн. Энэ хоёр кинонд тоглоход тухайн үеийн уран бүтээлчдэд тавих шаардлага өндөр байсан учраас тодорхой хэмжээнд дадлага хийлгэж, “онгоц жолоодоход юуг нь анхаарах ёстой вэ” гээд ажилладаг байлаа. Гартаа оруулахгүйгээр тоглоно гэж байхгүй шүү дээ. Дөнгөж 30 хүрч явсан байх. Тэр үеийн дурсамж одоо ч өчигдөр юм шиг тодхон санагдаж байна.

-Зарим жүжигчин би энэ л дүрдээ илүү хайртай гэж ярих нь бий. Таны хувьд хайртай дүр тань аль вэ?

-Хүн төрүүлсэн хүүхдүүдээ ялгаварлаж ханддаггүй, ижилхэн л хайрладаг биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө бүтээсэн дүрүүддээ бүгдэд нь хайртай. Хүч чадлаа шавхаж бүтээсэн шүү дээ. Театрт урьд өдөр нь муу тоглосон бол маргааш нь засаж сайн тоглож болдог. Дэлгэцийн бүтээлд нэг л орсон бол хальсанд бууна. Нэг ёсондоо одооных шиг эргээд засна гэсэн ойлголт байхгүй. Тийм болохоор уран бүтээлчид их хариуцлагатай байсан.

-Гэрлэж амжаагүй явна киноны дууг 37 жилийн дараа таны хүү Г.Тулга шинэчилж дуулахаар клипний ажилдаа орчихсон явж  байна. Хүү тань уг дууг хэрхэн дуулсан гэж та боддог вэ?

 -“Гэрлэж амжаагүй явна” киноноос гурван л хүн үлдэж дээ. Зохиолч Ч.Гомбо, Найруулагч Б.Жамсран , зураглаач Б.Балжинням гол дүрийн залуу Гансүхийн дүрд тоглосон Ч. Хүрэл 77-гийн Очирийн дүрд тоглосон Д.Алтангэрэл нар маань бүгд бурхны оронд заларсан байна. Биднийгээ харж байгаа байх даа. Тэднийгээ дурсахгүй байхын аргагүй. Кино хийгдснээс хойш 37 жил болжээ. /дуугаа хураав/

“Гэрлэж амжаагүй явна” киноны дууг нэрт найруулагч, дуучин Б.Бадарууган агсны дуулснаар хүмүүс сайн мэднэ. Дараа нь МУГЖ С.Жавхлан дуулсан. Миний хүү Г.Тулга шинэчилсэн найруулгатайгаар дуулахаар зориглон авч клипний зураг авалтад  П.Долгорсүрэн, Н.Батцэцэг бид гурвыг тоглууллаа. Амжвал энэ цагаан сарын босгон дээр үзэгч, сонсогчдийн хүртээл болох байх. Сайхан дуу шүү дээ.

-Бидний урилгын хүлээн авч ярилцсанд танд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …