УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2013-09-24/ хуралдаж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хуралдаанаар эхлээд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төлүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулсан.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт хэлэлцэж буй асуудлыг түр хойшлуулах горимын санал гаргасан юм. Учир нь хуулийн төсөлд зарим асуудлуудыг нэмж тусгах шаардлагатай байгаа тул намын бүлгүүд дээр хэлэлцэх шаардлага байгааг тэрээр тайлбарласан. Харин гишүүдийн зүгээс асуудлыг одоо байгаа төслийн хүрээнд хэлэлцээд явах боломжтой гэж үзэн горимын саналыг дэмжээгүй тул хуралдааныг цааш нь үргэлжлүүлэв.
Хөрөнгө оруулагчид манай татварын орчинг тогтворгүй, иймээс гэнэт нэмэгдвэл яах вэ гэсэн болгоомжлолтой байдгийг Ж.Эрдэнэбат гишүүн хэлж, энэ талаар салбарын сайдаас тодруулсан юм.
Монгол Улсын хувьд татварын орчин олон жил тогтвортой байсан нь үнэн. 90 оноос хойш өнөөдрийг хүртэл татварын хуулиуд хэрхэн яаж өөрчлөгдсөн талаар нэгдсэн судалгаа гаргасан байгаа. Үүнээс үзэхэд манайд бүх төрлийн татвар буурч ирсэн . 2007 онд хийсэн татварын шинэчлэл том шинэчлэл болж чадсан. Ингэснээр манайх Азид болон дэлхийд хамгийн бага татвартай орны тоонд орсон. Татварын таатай орчны хувьд бидний өрсөлдөх чадвар бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа. Харин хоёр, гуравхан тохиолдолд өссөнөөс өөр тохиолдолд байнга буурч ирсэн үзүүлэлттэй байгаа гэсэн хариултыг Н.Батбаяр сайд өглөө.
Мөн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл санаачлагч хөрөнгө оруулалтын санд давхар татвар ногдуулахгүй байх зарчмыг хангасан татварын зохицуулалттай байх нь зүйтэй гэж үзсэнээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг дагалдуулан уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын сангийн орлого, гадаад улсын хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлого зэргийг албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна.
Түүнчлэн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсгүүд байгуулахаар тогтлоо. УИХ-ын хаврын чуулганаар 2012 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх явцад хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх явцад удаан хугацаагаар он дараалан ашиглалтад оруулахгүй байгаа обьектуудтай өөр өөрсдийн тойрогтоо судалж, танилцах чиглэлийг УИХ-ын дарга гишүүдэд өгсөн байна. Иймд энэ саналыг боловсруулж нэгтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах шаардлага байгааг Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэллээ. Ингэснээр хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн талаарх УИХ-ын гишүүдийн гаргасан судалгаа, саналыг нэгтгэх Ажлын хэсэг болон Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад хүчин чадал нь ижил боловч төсөв өртөг нь зөрүүтэй тусгагдсан хөрөнгө оруулалттай обьектуудын зураг төсвийг хэрхэн яаж хийж гүйцэтгэдэг талаар судалж , дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.