Сайн үлгэрч болоход егөөтэй, өөрийгөө ч шоолж чаддаг чанар хамгийн гол жор болдог. Жинхэнэ үлгэрч “Энэ улс төрч бусдад зусардах гэж жилд хэчнээн ч машин авдаг юм бэ дээ. Би түүнд гурав дахин өндөр үнэ хэлж, харин тэр намайг сайхан шулчихсан мэт баясч одно. Хэчнээн хөгтэй. Бодохоор зүрхээр хатгах юм. Гэхдээ би өөрийн авьяасыг дэмий яахин үрэх билээ. Би чинь машины наймаачин, жинхэнэ орчин үеийн үлгэрч хүн шүү дээ” гэж тэр хэлнэ.
Хэл өөрөө ухаалаг егөөдлийн уурхай байдгийг харуулж чадсан шивэгчин хүүхэн Фатима гэхэд л шүлэг, яруу найргийн сайн мууг шинжин, маргашгүй чухаг үгс айлдан, баахан хэнхэглэхээс тодхон харж болно. Уран гоё үгээр цэцэрхэхээс өөрцгүй шүлгийг л гэхэд Фатима “зургийн үзэсгэлэндээ тэнцэхгүйн улмаас сулбайж унасан улаан сарнай” гэж тодорхойлсон бол хэт хурц үг хэллэгтэй шүлгийг “олонд шагшигдсан хор хөнөөлдөө тэнцэхгүйн улмаас омог нь дарагдсан аюумхай могой”-той зүйрлэх аж. Уран сэтгэмж, хүмүүний сэтгэл, ганган дүрслэлүүдээр дүүрэн “1001 шөнийн үлгэр”-ээс хүмүүний оюун санааны цараа, байгаль дэлхийн үзэмж, алив зүйлийн хэлхээ холбоог тольдон харж болдог.
“Эрт урьдын цагт алс хол нутгийн үзэсгэлэнт сайхан хотод нэгэн эмир амьдран суудаг байжээ. Ногоон моддоор дүүрэн тэр хотын иргэд шөнөдөө хажууханд нь урсах сүрлэг хүрхрээний чимээнд бүүвэйлэгдэн нойрсоно” хэмээн яриагаа эхэлнэ. Энэ хэсгийн гол дүр нь дээрх Фатима хэмээх египет боол бүсгүй бөгөөд эмирийн хатанд шивэгчлэх ажгуу. 12 охинтой хатан нь насны эцэст ганц хүү төрүүлэх арга чарга юу буйг мэдэж ирэхийг түүнд тушаажээ. Фатима урьдын туршлагаас үүдэлтэйгээр иймэрхүү зовлонг анагааж, хөвүүн соёрхож чадах нэгэн шидтэнг мэдэх боловч тэр нь хоёр хөлтөн явж хүрэмгүй алс Александрад суудаг юмсанж.
Гэвч Фатима авхайнхаа төлөө хорвоо дэлхийг бүтэн туулж, доодын ертөнцийг ч самнах их аянд гарчээ. Энэ аялал түүний амьдралыг орвонгоор нь өөрчлөөд зогсохгүй бүсгүйн нууцлагдмал олон авьяасыг илрүүлнэ. Тэрбээр уран зохиол шүүмжлэн хэлэлцэж, сэлмээр тулалдаж, хайр хийгээд энэрэхүйн бүхий л үйлийг хамгаалан тэмцэж, гайхалтай амраг, ухаалаг егөөдлийн мастер, феминист, эх хүн, бас үлгэрч гээд ер бусын дүрүүдэд нэгэн дор хувилна…
Францын шүүмж судлаач Цветан Тодоров арабын 1001 шөнийн үлгэрт зориулсан “Үлгэрчид” эсээндээ “Нэгэн үлгэр таван өөр үлгэр дамжин өрнөж байж тайлалдаа хүрдэг урлахуйн их сонин арга энд ашиглагджээ” гэсэн байдаг. Борхесын тэмдэглэсэнчлэн /Борхес мөн “1001 шөнийн үлгэрийн хөрвүүлэгчид” нэрт эсээ бичсэн/ “1001 шөнийн үлгэрийн хамгийн сэтгэл түгшим хэсэг нь хаан эзэн хатнаасаа өөрийнхөө амьдралын талаарх үлгэрийг олж сонсдог 602 дахь шөнийн явдал юм” гэсэн нь бий. Аламеддин романыхаа туршид толин тусгалын илбэ жатгаа гаргуун ашиглаж, дүрүүд, эд юмс, нөхцөл байдлууд нь өгүүлэмжийн явцад ихэрлэн, сүүлдээ уншигчид ялгаа заагийг нь гаргах ч боломж олгохгүйгээр төөрүүлэн, бүх үйл явдал, бүх өгүүлэмжийг нэгэн бүхэл түүх болгон хураангуйлж үлдэх сонирхолтой өгүүллийг туршин харуулжээ.
Сайн үлгэр нь ойлгон хүлээж авах өөр өөр хандлагыг шаарддаг. Газар доорх ертөнцөд болсон нэгэн явдалд шивэгчин хүүхэн Фатима нэгэн жиннитэй /Исламын сударт өгүүлснээр хүний оюун санаанд нөлөөлж чадах асар хүчтэй сүнс/ тулалдаж яваад өрөөсөн гараа тасдуулдаг. Харин чөтгөрийн хүү тааралдаад түүнд алдсан гараа буцаан эдгээх талаар зөвлөхдөө “Ойлгож ухаарах хэрэгцээгээ одооноос устга. Энэ хорвоод ч, үлгэр домгийн ертөнцөд ч алив хэрэгцээ гэдэг саад түвэгээс өөр юу ч биш юм. Харин элдэв хүсэл шуналаасаа татгалзаж чадвал бүхний шийдэл тэр болно” гэжээ. Энэ бол ид шид, үлгэр домгийн ертөнц рүү нэвтрэн орох гол нууц юм. Арабын 1001 шөнийн үлгэрийг судалж “Гайхам шид” хэмээх судалгааны ажил бичсэн Марина Уорнер “Ид шид гэдэг зүгээр л нэг сонин жигтэй тохиол, нууцгай явдал биш. Харин ч хүний ухамсар, түүнээс урган гарах төсөөлөл сайтай бүтээлч бодлуудын үр дүн юм. Төсөөллийг бүрдүүлэгч чадварууд болох мөрөөдөх, ургуулан бодох зэрэг нь учир шалтгааны үүднээс хандах, мэдэх хүрээнээсээ цаашилж мэдэхгүйн чанад руу үсрэн орохтой онцгой нарийн холбоотой билээ. Гэвч домог үлгэр, илбэ шидийн энэ чадал соён гэгээрлийн тухай ярианд ямагт үгүйсгэгдэж, нөлөө тусгалыг нь ямагт буруугаар тайлбарладаг нь харамсалтай” гэж бичсэн байх юм.
“1001 шөнийн үлгэр” бол Исламынхны “Алтан үе” болох 1700 оны үед араб хэл дээр хэвлэгдсэн Дундад Азийн ардын шидэт үлгэрүүдийн ном билээ. Уг бүтээлд хэдэн зууны хугацаанд зохиогдсон Баруун, Зүүн, төв Ази болон Хойд Африкийн зохиолч, орчуулагч, эрдэмтдийн бүтээлүүдийн цогцолбор байгаа. Эртний болоод дундад үеийн Араб, Перс, Грек, Турк, Энэтхэг, Еврейн уран зохиол болон ардын аман зохиол бий. Өнөөдрийг хүртэл хэвлэгдсэн хувилбаруудын зарим нь ердөө хэдэн 100-н зохиол, үлгэртэй ном байдаг бол эх хувь нь 1001 зохиол, үлгэрийг бүгдийг нь багтаасан байдаг аж. Манайхан эдгээрээс “Али Баба ба 40 дээрэмчин”,”Аладдин ба шидэт дэнлүү”, “Синбад далайчны долоон аялал” үлгэрийг сайн мэднэ.
Цаазын ял сонссон Шахерезада бүсгүй үхлээ хойшлуулахаар мянган шөнө үлгэр хүүрнэнэ. Гэмт хэрэг, айдас хүйдэс, уран сэтгэмж, хайр дурлал гээд юм бүхнийг сүлсэн, англи хэлнээ анх 1706 онд хэвлэгдсэн энэ зохиол Толстой, Дюма, Прүст нарын олон том зохиолчид нөлөөлсөн байдаг.
Үлгэрүүдийн уг цогцолборыг мөн “Арабын шөнүүд” ч гэж нэрлэдэг. Доторх утга, агуулга болон түүх шастир, соёл уламжлалыг багтааж, оюуны их ундрагыг шингээснээрээ уг бүтээл Азид төдийгүй, хүн төрөлхтний хамгийн их нөлөөтэй бүтээлүүдийн нэгд зүй ёсоор ордог билээ. Түүнчлэн энэ нь уран сэтгэмж төдий бус бодит амьдрал гэлтэй санагдана.
“1001 шөнийн үлгэр”-ийн зарим ишлэл:
-Энэ аниргүй байдал чинь хээ хуар бөгөөд зарим үед чамайг аврах аврал болмой
-Хэн хуучин дэнлүүг шинэ дэнлүүгээр солих вэ? Хэн шинэ дэнлүүг хуучин дэнлүүгээр солих вэ?
-Чиний эд хөрөнгө гэж тооцож буй тэр зүйл чамайг бие даасан нэгэн болгоно
-Сэтгэл чинь чамайг хичнээн хэмжээгээр зовоолоо гэсэн тэр хэмжээнээс дутуугуу инээд хөөр хажууд нь чамд үргэлж байх ёстой