“Шинэчлэлийн хороо-Орон нутагт” хөтөлбөрийн үйл ажиллагааны мэдээлэл

namМАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны Бодлогын зөвлөлийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан, зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Батзолбоо нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

МАН-ын Шинэчлэлийн хороо хөдөө, орон нутагт намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны зорилтын талаарх мэдээллийг намын гишүүддээ хүргэхээр ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд Намын шинэчлэлийн хороо 13 аймаг, нийслэлийн 1 дүүрэгт ажиллаад байна.

Шинэчлэлийн хорооныхон энэ хугацаанд 13 аймаг, нийслэлийн 1 дүүргийн хэмжээнд 1.300 гаруй гишүүнтэй уулзаж, 8000 гаруй км урт замыг автомашинаар туулж, 13 аймагт иргэдээс санал авах “Шинэчлэлийн өргөө” гэрийг сүндэрлүүлж, намын 700 гаруй гишүүн, дэмжигчдийн 27-р Их хурлын талаарх санал, байр суурийг бичгээр хүлээн авсан байна. Уг саналуудыг нэгтгэн намын дүрэм болон хөгжлийн хөтөлбөр, бодлого, шийдвэрт тусгуулахаар ажиллах юм байна.

Шинэчлэлийн хорооныхон анх удаа улс төрийн намын үйл ажиллагааны хүрээнд явуулсан ажилд зарцуулсан зардал, хандив болон түүний зарцуулалтын талаар ил тод нээлттэй зарлаж, намуудын санхүүжилтийн ил тод байдлыг нийгэмд хэвшүүлэхээр зарлаж байгаагаа дуулгаж, тайланг танилцууллаа.

Шинэчлэлийн хорооны орон нутагт ажилласан санхүүжилтийн тайлангаар нийт 36 байгууллага, иргэн хөтөлбөрийн ажлыг дэмжин хандив өргөснөөс бэлнээр 8.465.000 төгрөг, бэлэн бус хэлбэрээр 3.888.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хандивийг хүлээн авч, үндсэн зардлууд болох шатахуунд нийт зардлын 3.868.630 төгрөг буюу 50 орчим хувь нь зарцуулагджээ. Ер нь улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа нам, эвсэл, байгууллагууд 21 аймагт ажиллахад дунджаар 100 гаруй сая төгрөг зарцуулдаг тухай мэдээлэл байдаг ч “Шинэчлэлийн хороо”-ны тайлангаас харахад маш бага зардлаар ажиллах боломжтой болохийг харж болно.

Мөн одоогоор намын “Шинэчлэлийн хороо”-ныхон ажиллаж амжаагүй байгаа 8 аймаг болон нийслэлийн дүүргүүдэд ажилласан ажлын тайлан, мэдээлэл болон санхүүгийн тайлангаа тухай бүр нарийвчилсан задаргааны хамт мэдээлэхээ илэрхийлж, улс төрийн бусад нам, эвсэл, намын дэргэдэх байгууллагуудад хандан санхүүжилтийн ил тод байдлаа шударгаар зарлаж ажиллахыг уриаллаа.

МОНГОЛ АРДЫН НАМЫН

ШИНЭЧЛЭЛИЙН ХОРОО

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …