Гадны орнууд яагаад Оросын дипломатчдыг нутгаасаа хөөх болов?

АНУ, Канад, Европын холбооны зарим гишүүн орон Оросын хэдэн 10-н дипломатчийг Тагнуулын төв газрын хурандаа асан, тагнуулч Сергей Скрипалийг Англид охиных нь хамт химийн хорт бодисоор хордуулсан халдлагатай холбоотойгоор нутгаасаа хөөхөөр болжээ.

Их Британийн талд тагнуул хийж байсан нь илчлэгдэж, Оросын тагнуулуудын мэдээллийг задруулсан, “Эх орноосоо урвасан” гэх хэргээр Москвад ял шийтгүүлж байсан Скрипалийг хордуулсан гэх хэрэгт Оросын тал хамааралгүй гэсэн байр сууриа илэрхийлж, “новичок” гэж тогтоосон бодисыг Их Британид үйлдвэрлэсэн байж болохыг мэдэгдсэн.

2010 онд АНУ болон ОХУ-ын хоорондох тагнуулын солилцооны дараа Их Британи түүнд улс төрийн орогнол олгосон байна. Тэр цагаас хойш Скрипаль Их Британид суурьшин амьдрах болсон. Тэтгэвэртээ гарсан тэрээр Их Британийн нууц тагнуулын газар MI6-д ажиллаж байсан гэдэг.

Өмнө нь “Батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологийн салбарын Портон Даун дахь лабораторийн дэлхийн тэргүүлэгч шинжээчид бодисын төрлийг тогтоосон, Орос улс өмнө нь энэ бодисыг үйлдвэрлэж байсны дээр дахин гаргаж авсан байж болзошгүй, өмнө нь Оросын төрөөс захиалгатайгаар хүмүүсийг хөнөөж байсан зэргээс үүдэн Орос улс Скрипаль болон түүний охинд халдсан хэрэгт оролцсон байх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарч байна” хэмээн Тереза Мей мэдэгдсэн юм.

Энэ сарын эхээр Америкийн ерөнхийлөгч Д.Трамп Сиэтль дэхь ОХУ-ын консулын газрыг хааж, 60 дипломатчийг нутгаасаа гаргах шийдвэр гаргасан.

Москвад суугаа АНУ-ын Элчин сайд Жон Ханстман ”АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тагнуулын үйл ажиллагаа явуулж буй Оросын дипломатуудыг нутаг буцахыг шаардсан. Энэ нь Солсберьд болсон халдлагатай холбоотойгоор авч буй хариу арга хэмжээ гэж ойлгож болно. Гэхдээ ОХУ цаашид хариуцлагатай байх юм бол бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой” гэсэн.

Канадын Засгийн газар улсад нь ажиллаж буй Оросын дипломатчдыг хөөх арга хэмжээ авч байна. Герман, Франц, Польш, Дани зэрэг Европын холбооны 14 гишүүн улс ч мөн Оросын дипломат ажилтнуудыг нутгаасаа гаргахаар болжээ.

ОХУ улс үүнийг эсэргүүцэж, нөхөрсөг бус үйлдэл хэмээн, ийм замаар асуудлыг шийдэх нь цаашид нөхцөл байдлыг улам хүндрүүлэх болохыг мэдэгдсэн. Ямартай ч Оросын Гадаад хэргийн яам үүнд тэнцвэртэй хандах болохыг CCTV мэдээлжээ.

Харин Словаки улсын хувьд Оросын дипломатуудыг хөөхөөс өмнө тэдэнтэй ярилцах нь чухал гэж үзэн өнөөдөр ОХУ-ын элчин сайдтай уулзахаар болсноо мэдэгдсэн.

Украины зүгээс Скрипалийн хэрэгт ОХУ буруутай гэх нотолгоо бий гэсэн ч чухам ямар нотолгоо болохыг дурдаагүй. Харин Украины Дээд Радагийн дэд дарга өөрсдийнх нь дипломатуудыг ОХУ нутгаасаа хөөж болзошгүй хариу арга хэмжээнээс сэрэмжилж буйгаа нуугаагүй.

Энэ сарын 9-ний өдөр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдэл гаргаж, Англид болсон химийн халдлагад ОХУ-ыг сэжиглэж байгаа нь ор үндэслэлгүй зүйл хэмээгээд “Энэ бол ОХУ-ын эсрэг чиглэсэн зохион байгуулалттай суртал ухуулга” гэсэн.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …