Өнөөдөр Сүхбаатарын талбайд хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “ДАХИН ТЭВЧИХГҮЙ” тайван жагсаал боллоо. Тайван жагсаалд эцэг эхчүүд, ТББ-ууд, Их сургууль, дунд сургуулийн оюутан, сурагчид, урлаг соёл, спортынхон нэгдлээ.
Энэ үеэр жагсаалд нэгдсэн урлаг соёлын төлөөллийн дуу хоолойг сонслоо
УДЭТ-ын жүжигчин МУСТА С.Болд-Эрдэнэ:Манай театрын уран бүтээлчид сайн дураар нэгдэж хүчирхийллийн эсрэг жагсаалд оролцож байна. Бидний хүүхдүүд хүчирхийлэлгүй нийгмийг хүсч байна. Өнөөдөр бид айдастай нийгмийг хүсээгүй. Хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтэнд чанга дэглэмтэй ял оногдуулдаг баймаар байна. Хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох тал дээр эрх баригчид анхаарч ажиллах цаг нь ирсэн. Тиймээс ирээдүй үе хойчийнхоо төлөө энэхүү жагсаалд оролцож дуу хоолойгоо нэгтгэж байна.
“Fantastic” продакшны жүжигчин МУСТА Ж.Алтаншагай: Сүүлийн үед сэтгэл сэртийлгэм аймшигтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Монголын хүүхэд болгон аюулгүй эрүүл орчинд амьдрах ёстой. Хүүхэд болгоны нүднээсээ нулимс гаргахыг тэвчихгүй. Хүчирхийлэл үйлдсэн этгээдийн овог нэр, албан тушаалыг олон нийтэд зарлаасай гэж хүсч байна. Хэдий болтол дээрх хүмүүсийг иргэн ….. гэж нэрлээд байх юм ингэж болохгүй.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Энхзул: Хувь хүн болгон хүүхэдтэй харилцаж эхлэхээсээ өмнө хандлага, харьцаагаа зөв болгох хэрэгтэй. Хүүхэдтэй харилцахад хүүхдийн ертөнцруу нь өөрсдөө орж хүүхдэд минь ямар асуудал тулгараад байна вэ? гэдгийг нь мэдэж харилцаж байх нь чухал. Өнөөдрийн жагсаалд харьцангуй цөөхөн хүмүүс ирсэн байна.Улс төрийн жагсаалд оролцдог шигээ Сүхбаатарын талбайг дүүргэх байх гэж бодсон чинь манай иргэд муу оролцож байна.
Иргэн н.Хандсүрэн: “ДАХИН ТЭВЧИХГҮЙ” жагсаалд яагаад зөвхөн дан ганц хүүхдийн хүчирхийллийн талаар дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм. Ингэж огт болохгүй.Хүчирхийлэл гэдэг нэрийн дор бүх төрлийн хүчирхийлэл багтдаг. Энэхүү жагсаалд оролцож байгаа эцэг эхчүүд, хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлье гэхэд жагсаал зохион байгуулагчид бидний дуу хоолойг сонсохгүй байна. Жагсаалд оролцож буй хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй.
Жагсаалыг зохион байгуулагч Ч.Одгэрэл“Өнөөдөр бид хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаж байгаа тул энэ жагсаал хүчирхийлэлгүй, үймээн самуунгүй байх ёстой. Хүүхдээ хайрласан, эцэг, эхчүүдийн тайван жагсаал гэдгийг санах хэрэгтэй.Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, гэр бүлийн хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч нарыг хараа хяналтаа сайжруулаасай гэсэн хоёр зорилготойгоор энэ жагсаалыг зохион байгуулж байна” гэв.
“ДАХИН ТЭВЧИХГҮЙ” жагсаалд оролцогчид хүүхэд хүчирхийлсэн этгээдэд торгууль биш ял оноож, энэ төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй байх ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.
Г.Нараа