1959 оны гуравдугаар сард 23 настай байсан Далай Лам хэсэг нөхдийн хамт Энэтхэгт дүрвэж ирсэн байдаг.
Хятадын цэргүүд Төвдийг эзлээд байсан тэр үеийн Энэтхэгийн ерөнхий сайд Жавхарлал Неру Далай Ламыг хүлээн авч, Дарамсалад суурьшуулсан аж.
Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Дарамсала хотод Дээрхийн гэгээн, Түвдийн шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Ламын Энэтхэгт дүрвэсний “Энэтхэг оронд баярлалаа” нэртэй 60 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрчээ.
Түвдийн цагаачлалын засгийн газар төвлөрдөг хотод болсон тус арга хэмжээнд жил бүр Энэтхэгийн албаны өндөр албан тушаалтай эрхмүүд оролцдог ч энэ жилийн хувьд Соёлын сайд Махеш Шарма ганцаараа оролцсон байна.
Цаашлаад Делид болох байсан арга хэмжээг Дарамсалад шилжүүлсэн явдал нь Энэтхэг улс гадаад бодлогоо харгалзаж үзсэн хэрэг болсон гэж Түвдийн албаны хүмүүс хэлснийг Rueters агентлаг мэдээлсэн.
Энэ үеэр Далай лам Түвдийн ард түмэнд хандаж эв нэгдэлтэй байхыг сануулан, Энэтхэг Түвд хоёр улсын соёлын харилцаа гүн гүнзгий байсаар ирснийг онцолжээ.
Энэтхэгийн мужууд руу чөлөөтэй айлчлах эрхтэй байдаг Далай лам Хятадтай хиллэн оршдог Сикким муж руу явах гэж байснаа цуцалсан аж. Өнгөрсөн онд түүнийг зүүн хойд Аруначал Прадеш мужид зочлох гэж байсныг Хятад эсэргүүцсэн юм.
Ёслолын үеэр цагаачлалын засгийн газрын тэргүүн Лобсан Сангай Энэтхэгт талархалтай байгаагаа, Хятадыг Түвдийн соёл иргэншилд нөлөөлсөн явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.