Амжилттай яваа хүмүүст ижил төстэй шинж чанарууд олон бий. Тэд өөртөө итгэлтэй, хөдөлмөрч, мөнгөндөө арвич байхын дээр эрүүл мэндээ чухалчилдаг. Бас тэд өөр өөрийн гэсэн арга барил, дадал хэвшилтэй. Тэгвэл өнөөдөр гүйцэтгэх захирлуудын зөвлөж буй, ажил амьдралд ихээхэн тус хүргэх дадал хэвшлүүдийг сонирхъё.
1. ГЭРЭЭСЭЭ АЖЛАА ЭХЭЛ
“Өнөөдрийн хамгийн чухал гэсэн хоёр гурван имэйл, утасны дуудлагыг гэрээсээ гарахын өмнө амжуулах нь маш үр дүнтэйг би туршлагаасаа ойлгосон. Эдгээрийг жагсаалтаасаа хассанаар ажил дээрээ очсон хойноо харилцаж буй бүх хүнд анхаарлаа 100 хувь хандуулах боломжтой болсон. Чин сэтгэлийн богинохон харилцан яриа ч багийн гишүүдэд маань урам зориг өгч, анхаарал, дэмжлэгийг авч байгаад тэд баярладаг. Харин эсрэгээр нь намайг дуудлага хийх, имэйл бичих гээд “ухнатахад” тэд өөрсдөд нь анхаарал хандуулахгүй байгаад гоморхож, хайхрамжгүй болж, хоорондын харилцаа маань хөндийрч эхэлдэг. Яг одоо цагт байхад чинь саад болдог хүчин зүйлсийг зохицуулснаар та бүх анхаарлаа компанийн хамгийн үнэт зүйлс болох ажилчид дээрээ бүрэн төвлөрүүлж чадна.”
Commune Hotels + Resorts-ийн гүйцэтгэх захирал Ники Леондакис
2. ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАМТ БАЙГАА ҮЕД ГАР УТСАА БҮҮ ОРОЛД
“Эхнэр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх нь яалт ч үгүй өдрийн хамгийн сайхан цаг мөч байдаг. Мөн ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалж, ухаан бодолдоо салхи оруулж байх нь лидер хүний хувьд ач тустай. Эхнэр маань оройн хоолны үеэр, хүүхдүүдээ унтуулах үеэр утсаа хэрэглэхгүй байх гэсэн хатуу дүрэм тогтоосон. Би эхэндээ эсэргүүцэж байсан ч сүүлдээ талархаж эхэлсэн дээ. Би зургаан настай охиноо өдөр бүр сургуульд нь хүргэж өгөхдөө юу сурсан, юу бодож байгаа талаар нь ярилцдаг. 6 настантай ярилцах ч сайхан эмчилгээ болдог шүү.”
Winc-ийн гүйцэтгэх захирал, хамтран байгуулагч Зандер Оксман. Winc нь хувийн виноны клубээр дамжуулан хэрэглэгчдэд виногоо шууд борлуулж, тодорхой тооны ресторан дэлгүүрт виногоо нийлүүлдэг байна.
3. ОРОЙ БОЛГОН ШҮДНИЙ УТАС ХЭРЭГЛЭ
“Шүдний утас хэрэглэдэг бол ерөнхийдөө бие эрүүл байдаг нь тогтоогдсон байдаг. Та эрүүл байвал хувийн амьдралдаа ч, ажилдаа ч илүү бүтээлч байна. Энэ бол эрүүл амьдралын нэг хялбархан дадал шүү.”
Dentovations компанийн гүйцэтгэх захирал Дэмон Браун. Тус компани Luster Premium White хэмээх амны хөндийн бүтээгдэхүүний брэндийг гаргажээ.
4. НҮҮР ТУЛСАН ХАРИЛЦАА ТОГТОО
“Зөв хүнтэйгээ богино хугацаанд уулзахад бизнесийн харилцаанд ихээхэн ахиц гардаг. Хамтдаа кофе уусан ч тэр, та харилцаанд үүссэн ан цавыг бөглөж, өмнөхөөсөө илүү бат бөх болгож чадна. Утас, имэйл, мессеж зэрэг холбоо харилцааны хэрэгслүүд дээр өдөр тутмын бизнесийн харилцаа суурилдаг ч богинохон хугацаанд нүүр тулан уулзах нь ид шидийн гэмээр үр нөлөөтэй байж, санаанд оромгүй боломжуудыг нээдэг.”
Physician’s Technology-ийн гүйцэтгэх захирал Дэвид Саттон. Тус компани Willow Curve хэмээх өвчтөнд зориулсан дижитал системийг бүтээжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу