Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, одоо мөрдөж буй хуулийн заалтыг харьцуулж үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон. Одоогоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт ороогүй байгаа юм байна. Тиймээс дээрх хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн гэж мэдэгдэв.
Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг дагнан хариуцаж, энэ хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилладаг юм.