Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд Япон улсад цалинтай дадлага хийхээр боллоо

Отгонтэнгэр Их сургууль Япон улсын хөдөлмөр зуучийн “Ворлд Бизнес Партнер”  компанитай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Аялал жуулчлалын болон агаарын тээврийн үйлчилгээний ангийн оюутнуудыг Япон улсад нэг жилийн хугацаатай цалинтай дадлагажигч оюутнаар ажиллуулах зорилготой уг санамж бичигт ОТИС-ийн захирал доктор Н.Энхзаяа, “Ворлд Бизнес Партнер“компанийн гүйцэтгэх захирал Игараши Хажиме нар гарын үсэг зурсан юм.

Ийнхүү өнөөдрөөс эхлээд Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд суралцах явцдаа мэргэжлийнхээ дагуу Япон улсад нэг жил цалинтай дадлага хийхээр боллоо.

         Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай оюутнуудад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулах талаар “Ворлд Бизнес Партнер” компанийн гүйцэтгэх захирал Игараши Хажиме болон Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Ц.Саруулжаргалтай ярилцлаа.

Сур: Өнөөдөр Отгонтэнгэр Их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Монголоос хамтран ажиллах байгууллагаа хэрхэн сонгодог вэ?

И.Х: Бид Японд 200 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг хөдөлмөр зуучийн томоохон байгууллага. Тийм ч учраас бидэнд ирсэн захиалгын дагуу хамтран ажиллах байгууллагаа сонгодог. Энэ удаад Монгол Улсын Отгонтэнгэр Их сургуультай хамтран ажиллах болсондоо туйлын их баяртай байна. Учир нь танай сургууль Монгол улсдаа төдийгүй олон улсад хүрээгээ тэлж яваа томоохон сургууль. Дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ бол бидний хүлээн зөвшөөрч байгаа хамгийн том үзүүлэлт. Нөгөө талаар бидний хамтын ажиллагааны чиглэлээр буюу аялал жуулчлал, агаарын тээврийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэж байгаа учраас өнөөдөр ийнхүү хамтран ажиллахаар болж байна.

Сур: Японд дадлагажигчаар ажиллах оюутанд ямар шаардлага тавих вэ?

И.Х: Юуны түрүүнд тухайн сургуульдаа амжилттай суралцах хэрэгтэй. Мөн нэг жил дадлагажаад эргээд сургуульдаа ирж төгсөх ёстой. ОТИС-ийн зүгээс энэ л болзлыг хангасан оюутнуудыг бэлдэхэд болно. Харин бид хэлний бэлтгэл болон бусад хэрэгтэй зүйлсийг өөрсдөө сургана. Өөрөөр хэлбэл дадлагажигч оюутныг зургаан сарын өмнөөс бэлтгэж эхэлнэ гэсэн үг л дээ.

Сур: Оюутнаас ямар зардал гарах вэ? Мөн ямар нөхцөлтэйгөөр Японд ажиллах бол?

Ц.С: Оюутны хэлний болон бусад бэлтгэлийн зардлыг манай байгууллага даана. Зөвхөн онгоцны зардлыг л оюутан өөрөө гаргах юм. Мөн Японд очоод бүх төрлийн даатгалд хамрагдах, хоол байрны зардлаа хасаад гар дээрээ хоёр сая орчим төгрөг авна. Хамгийн гол нь хамтран ажиллаж буй байгууллагууд тэдэнд албан ёсны ажилтнаа болгох санал тавьж болно. Хэрэв ингэсэн тохиолдолд тухайн оюутныг сургуулиа төгсөөд дипломоо гардсаны дараа Японы тал ажлын урилга өгнө гэсэн үг л дээ. Одоогоор манай улсаас ажиллаж буй 60-аад оюутнаас 11-д нь ийм ажлын санал ирчихээд байна.

Сур: Дадлагажигч оюутнуудтайгаа танай байгууллага хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Ц.С: Бүх талын дэмжлэг туслалцааг бид өгч байна. Хүүхдүүдтэйгээ сард нэг удаа уулзаж байр байдалтай нь танилцана. Тэд маань эх орноосоо хол байгаа тул гэдэс өвдөхөөс эхлээд асуудал гарна. Тэр бүхэнд бид очиж асуудлуудыг нь шийдэж өгөхөд анхааран ажилладаг.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжийн оюутнууд 2019 оны 1 сараас явж эхлэх бөгөөд тэднийг амжилттай сурч дадлагажихад бүх талаас нь дэмжиж туслахаа ОТИС-ийн удирдлагууд хэлж байна.

Тус сургуулийн ЭЗБУС-ийн захирал профессор Л.УдвалАялал жуулчлал болон агаарын тээврийн үйлчилгээгээр суралцаж буй оюутнууд яг өөрийнхөө мэргэжлийн дагуу дадлага ажил хийх учраас илүү их мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэгдэх юм. Тухайлбал аялал жуулчлалын менежментийн ангийн оюутнууд Японы үзэсгэлэнт байгалтай аялал жуулчлал эрхэлдэг байгууллагад ажиллах бол агаарын тээврийн үйлчилгээний оюутнууд нисэхийн дотоод үйлчилгээний чиглэлээр ажиллана. Суралцах үедээ цалинтай дадлага хийнгээ Япон хэл сураад ирэх нь бас нэг давуу тал гэж харж байна. Дадлагажигч оюутантайгаа холбоотой бүхий л асуудлыг бид ажиглах бөгөөд ямар нэгэн зүйл тохиолдоход оюутныхаа талд шийдвэрлүүлэхэд анхааран ажиллах болно.

 Өнөөдөр үзэглэж байгаа энэхүү гэрээний дагуу бид бэлтгэл ажлаа 2018 оны 09 сараас эхлэж 2019 оны 01 сараас явуулахаар төлөвлөж байна. Гол нь хэлний бэлтгэлдээ амжилттай хамрагдаж Япон хэлний N4 шалгалтыг амжилттай өгсөн байх хэрэгтэй. Тасралтгүй зургаан сар Япон хэл үзэхэд энэ шалгалтыг манай оюутнууд хангалттай өгчихнө л дөө. Гол нь явсан оюутнууд эх орныхоо болоод сургуулийнхаа нэрийг өргөн амжилттай дадлагажаад ирэх нь л чухал даа” гэлээ.

Д.Ганчимэг

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …