Монголчууд “Хуулийн Нямдорж”, “Бөхийн Нямдорж” хоёрыг андахгүй. Харин одоо “Мунзуй Нямдорж”-ийг андахаа байх нь. Гурав дахь Нямдорж нь сүүлийн үеийн хэвлэлийн од. Хутга барьж хүн рүү дайрдаг уур омог ихтэй нөхөр бололтой.
2013 оны есдүгээр сарын 25-ны орой Сүхбаатар дүүргийн нутаг МУИС-ийн нэгдүгээр байрны замын эсрэг талд байрлах “Le Triskell” ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр руу хутга барьж дайрсан нөхөр бол “Мунзуй Нямдорж”. Энэ ресторанд Н.Номтойбаяр гишүүн, “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд нар сууж байв гэнэ. Гэтэл гаднаас Мунзуй Нямдорж орж ирсэн гэх.
Орж ирсэн шинэ зочин эрхэм гишүүнд эртний тооцоотой байжээ. Өмнө нь Н.Номтойбаяр тоглож байгаад “Мунзуй Нямдорж”-ийг мөнгө солиулаад ир гэж явуулжээ. Гэтэл цаадах нь шууд “гол гарчихсан” юм байх. Тиймээс эртний авлагатай Мунзуйг харсан гишүүн мөнгөө нэхэж. Гэтэл цаадах мөнгийг өгөх нь байтугай амь насанд заналхийлж хутга барьж дайрсан юм байх. Үүгээр зогсохгүй “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнийг зодож танхайрчээ.
Мунзуй Нямдорж бол 40 мянгатын атамануудын нэг, алдарт Центпойнтын хэргийн зодооныг эхлүүлсэн хүн гэнэ. Ч.Энхтайвантай хамт явсан “гахай” хочит Төмөрөөг нэг согтуу нөхөр хутгалснаар уг зодоон эхэлсэн байдаг. Тэр согтуу нөхөр нь “Мунзуй Нямдорж” байсан гэнэ. Энэ зодооны үеэр халзан Баяраагийн төрсөн өдөрт цуглараад байсан Дамбын Хишгээ, шөвгөр Өлзий тэргүүтэй рекетчдийг баривчилсан түүхтэй. Ингэж л улс төр бизнесийнхнээс рекетчдийг холдуулсан гэдэг.
Ямартай ч Мунзуй Нямдорж гэдэг нь халхын атамануудтай нийлдэг том гар. Айдгаа авдрандаа хийж, алдах юмгүй болсон хашир хулгарын өөдөөс дайрах зүрх зориг Н.Номтойбаяр гишүүнд байх болов уу. Номтой чинь хөөрхий мөнгөнөөс өөр юмгүй айлын эрх хүүхэд шүү дээ. Ямар эрийнхээ сайнд өдий зэрэгтэй яваа юм биш.
Б.Ялгуун