УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ
Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж :УИХ-ын гишүүд, төрд алба хашиж байгаа хүмүүс улс төрийн зорилгоор худлаа ярьдагаа болчихмоор байгаа юм. Ч.Сайханбилэг 2016 оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 40 хувьд олгоно гэж батлуулсан. Тэр үед одоо танилцуулга хийсэн З.Энхболд УИХ-ын дарга байсан. Он гарсны дараа хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгоно гэж хэлээд төсөвт тодотгол хийлгүй хүүхдүүдэд мөнгө олгосон. Дараагаар нь дахиад хүүхдийн мөнгийг тодорхой хувьд олгосон. Түүх нь ийм юм. Өнөө маргаашаа бодож худлаа ярьдагаа болчих. Одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайд байсан. Тэр үед мөнгөгүй гээд айлын хөргөгч, телевиз тоолоод явж байсан. Өнөөдөр 5000 малтай малчин 20 мянган төгрөгөөр яах юм. Хаана хаанаа худлаа хэлдгээ больчих. Та нар ой санамжаа больчихсон байхыг үгүйсгэхгүй. Миний ой санамж хэвээрээ. Улс төрийн зорилгоор ард түмнээ басамжлахаа боль.
Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа: Хүүхдийн мөнгө Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого болохоос халамж биш тул үндэсний бодлогоо дэмжээд хүүхдүүдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай.
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа ч эдийн засгийн өнөөдрийн нөхцөл боломждоо тулгуурлаж 80 хувьд нь олгох нь зүйтэй. Өнгөрсөнд хийсэн судалгаанаас харахад 13-17 хувь нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байна. Иймд Засгийн газар энэ мөнгийг өрх толгойлсон, орлого багатай айл өрхөд нэмж өгөх бодлого барих хэрэгтэй.
Энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй.