Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ.
Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжсэнээр
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгана
-Тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөл бүрдэнэ.
-Нүүрс тээвэрлэлтийн явцад гардаг осол эндэгдлийг бууруулж жолоочдын амь нас хохирол гардаг асуудлыг таслан зогсооно.
-Орон нутгийн байгаль экологид учирч буй сөрөг нөлөөллийг бууруулна.
-Төслийн хүрээнд рентген төхөөрөмж бүхий гаалийн хяналтын бүсийг байгуулснаар хил гаалийн шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хилээр хориглосон болон хязгаарласан эд, бараа хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлнэ зэрэг үр дүн гарах ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж байна.Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 400-1100 автомашин хилээр нэвтэрдэг бөгөөд хэвийн ачаалалтай үед 20-30, ачаалал нэмэгдсэн үед 140 км хүртэл урт дараалал үүсдэг. Үүнээс шалтгаалан жолооч нарын дунд өрсөлдөөн үүсч, зориулалтын бус замаар явах, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, дараалал дундуур дайрч замын зорчих хэсгийг хаах зэргээр хөдөлгөөнд зүй бусаар оролцдог. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж осол эндэгдэл гарах, жолооч нарын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, мөн замын дагуу хог хаягдал үүсгэж орчныг бохирдуулдаг, газрын хөрсийг сулруулж их хэмжээний тоосжилт үүсгэн байгаль орчныг бохирдуулан эко системд хор учруулдаг зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Тавантолгой-Гашуунсухайт замд 2016 онд зам тээврийн 1596 осол гарч, 8 хүний амь нас хохирсон бол 2017 онд 1000 орчим осол гарч, 7 хүн амь насаа алджээ.
Нүүрсний тээвэрлэлтийн урт дарааллыг зохицуулах, жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, улсын хилийн зурваст газарт (48 га талбай) “Автозогсоолын цогцолбор” байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
“Авто зогсоолын цогцолбор” төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, шаардлага хангасан хуулийн этгээдийг сонгон үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.