УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Энэ нь чухам ямар учиртай хороо гэдгийг иргэд, олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан “Цахим бодлогын түр хороо” нь ямар ажил хийх талаарх мэдээллийг хүргэе.
- Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж авлигал, хүнд суртлыг арилгана. Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийг IT буюу мэдээллийн технологийн салбар тодорхойлж байна. Технологийн өндөр шийдлийг нэвтрүүлж, хөгжүүлж чадсан улс л хүчирхэгжиж, баялаг бүтээж, хөгжлийн хэмжүүрээр өрсөлдөж байна. Манай улс ч мөн тус салбараа хөгжүүлж байж төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа төгөлдөржүүлнэ. Тэр дундаа төрийн үйлчилгээг цахимжуулах нь нэн тэргүүнд хийх ёстой ажлуудын нэг болоод байна. Бид төрийн үйлчилгээндээ “И баримт”-ын бүртгэл, “ТҮЦ” машины лавлагаа зэрэг өгөөжтэй төслүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Харин цаашид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж үйлчилгээний тоог нэмэх, үйл ажиллагааг нь өргөтгөх шаардлага бий болоод буй. Хэрвээ төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжвэл шуурхай, ил тод, шат дамжлаггүй, очер дараалалгүй болохоос гадна авлигал, хүнд суртал, далд эдийн засагт эргэлдэх бохир мөнгөний үйл ажиллагаа зогсох юм. Мөн төрийн албаны нүсэр том бүтэц багасаж тэр хэрээр төсөвч хэмнэлт хийх боломжтой. Энэ мэт олон давуу тал байна. Хэн ч аль нэгэн байгууллагын хурган даргын өрөөний үүд сахиж хайран цагаа үрэх эсвэл урт хугацаагаар дугаарлах, нэг байгууллагаас нөгөө рүү бичиг барьж гүйхийг хүсэхгүй. Нэг кноп дараад л ажлаа амжуулах боломж бидэнд бий. Цахим бодлогын түр хороо нь чухам дээрх харилцааг зохицуулж холбогдох хууль тогтоомжийг боловсруулж ажиллах юм.
- Мэдээллийн технологийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрийн дэмжлэг үзүүлнэ. Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, компаниудад дэмжлэг үзүүлж дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг олгоно. Мөн технологид суурилсан бизнесийг хөгжүүлж баялаг бүтээхэд чиглэн ажиллана. Бид далайд гарцгүй ч шилэн кабелиараа дэлхийд гарцтай улс. Тиймээс ч энэ салбараа хөгжүүлж чадвал дэлхийд Монгол залуусын бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч чадна гэж “Цахим бодлогын түр хороо”-г санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үзэж байгаа аж. Өндөр хөгжилтэй орнууд тусгайлан “Мэдээллийн технологийн яам”-тай байдаг. Манай улс энэ салбарын яамгүй ч мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх УИХ дахь “Цахим бодлогын түр хороо”-той болж буй нь нүдээ олсон ажил гэж тус салбарынхан үзэж байна.