УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг уржигдар маргалдсан нөхдүүдтэйгээ зодоон хийх гэж байхад нь дундуур нь орж болиулсан бие хамгаалагчаа хутгалсан гэх мэдээлэл олон нийтээр цацагдаад байсан билээ.
Гэтэл Н.Номтойбаяр гишүүн “Ямар ч тийм зүйл болоогүй, харин над руу хүн хутга барьж дайрсан” гэх тайлбарыг өгч байсан юм.
Тэгвэл өнөөдөр уг хэргийн үнэн илэрлээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас өглөө.
Улмаар Н.Номтойбаяр гишүүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.
УИХ-ын гишүүд ажил ихтэй түмэн завгүй явдаг ба тэдэнд хонгийн 24 цаг ч багаддаг тухай тэд ам булаалдан ярьдаг билээ. Гэтэл төрийн өндөр сэнтийд суусан Н.Номтойбаяр гишүүн нь ажлаа хийхийн оронд, хүн хутгалаад явсан байх юм аа. Дээдчүүл нь ийм байхад улс орны хөгжил гэж ярихын ч хэрэг алга. Засгийн эрхэнд мөнгөөр зодож гарч ирсэн түүний энэ үйлдэлд шүүх ямар ял оноохыг мэдэхгүй ч тэрээр цэвэрхэн сугарч магадгүй юм.
Хүн хутгалсан энгийн иргэнийг бол бид харгис араатан, өөдгүй бузартай амьтан, яргачин гэхчлэн олон муу үгээр цоллоно. Харин УИХ-ын гишүүнээ одоо юу гэж хэлэх ч билээ дээ.
Энэхүү мэдээний тухай автобусанд ярилцаж байсан хоёр хүүхний шуумаас таньд хүргэхэд “УИХ-ын гишүүдийн дотор бас тийм зэрлэг авиртай гишүүн байдгаа, арай ч дээ уурийн мунхаг, иймэрхүү юмнууд яаж УИХ-д ордог байнаа” хэмээн толгой сэгсэрч байсан юм.
А.Хээтэн