Сүүлийн жилүүдэд метаболик синдром (MetS)* буюу бодисын солилцооны эмгэг хам шинжийн тархалт дэлхий даяар зогсолтгүй өсөн нэмэгдэж байгаа нь Европ болон Азийн орнуудын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтийн мэргэжилтнүүдийн санааг зовоосон ноцтой асуудлын хэмжээнд хүрээд байна.
Метаболик синдром (MetS) нь нэлээд олон судалгаагаар амны хөдийн эрүүл мэндийн буруу дадал хэвшил ба шүдний тулгуур эдийн өвчинтэй*** холбоотой болохыг тогтоосон байдаг (Zhu and Hollis, 2015) бол бодисын солилцооны эмгэг ба шүдний эрүүл мэндийн хоорондын хамаарлыг БНСУ-ын насанд хүрсэн хүн амын дунд хийсэн судалгааны үр дүн Medicine сэтгүүлд хэвлэгдсэнийг шинжлэх ухааны тойм болгон хүргэж байна.
Метаболик синдром (MetS) гэдэгт бодисын солилцооны нэлээд олон нөхцөл байдлуудыг хамтатган нэрлэдэг. Тухайлбал гэдэс хэвлийгээр таргалах, цусны даралт ихсэх, цусан дахь глюкозын хэмжээ тогтворгүй байх, триглицеридийн хэмжээ өндөр байх, холесторолын хэмжээ бага байх зэрэг бодисын солилцооны олон өөрчлөлт нэг хүнд нэгэн зэрэг илрэх бөгөөд энэ эмгэгээр Ази тивийн хүн амын 5–20% өвчилсөн бол Европ тивийн дөрвөн хүн тутмын нэгд нь тохиолдож байна. (Kim et al., 2016)
БНСУ-ын 2012 онд явуулсан Үндэсний хэмжээний эрүүл мэнд хоол тэжээлийн тандалт судалгаараар 20–64 насны хүн амын 91%-д нь шүд цоорох өвчин илэрсэн бол 40–64 насны хүн амын дөнгөж 34% нь бүрэн шүдтэй байгаа болох нь тогтоогдсон байдаг.
Шүдээ авхуулах ба бодисын солилцооны эмгэгийн хоорондох хамаарлыг тогтоохын тулд судлаачид дээр дурссан үндэсний хэмжээний тандалт судалгааны материалыг ашиглаж иж бүрэн дата анализ хийсэн байна. Судалгааны мэдээлэлд анализ хийснээр судлаачид 8 болон түүнээс дээш шүдээ авхуулсан эрэгтэй хүмүүсийн дунд цусны даралт өндөр, цусан дах сахарын хэмжээ өндөр шинж тэмдгүүд зонхилж байгааг илрүүлсэн бол дээрх тооны шүдээ авхуулсан эмэгтэй хүмүүст метаболик синдромын бүх шинж тэмдэг эрэгтэйчүүдээс давамгай илэрч байсан байна.
Ерөнхийдөө метаболик синдром илрээгүй эмэгтэй хүмүүс нь метаболик синдром бүхий эмэгтэй хүмүүсээсээ илүү олон шүдтэй байсан бол (24.5 ± 0.2 ба 21.0 ± 0.3) энэ хамаарал нь эрэгтэй хүмүүст илрээгүй байна.
Ийнхүү эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд хүйсийн ялгаатай үр дүн гарсан байдлыг судлаачид уг судалгаанд цэвэршилтийн дараах үе шатанд байгаа эмэгтэй хүмүүсийг хамруулсантай холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Олон судалгааны үр дүнгээр цэвэршилтийн дараа үед байгаа эмэгтэй хүмүүст холестрол ба триглециридийн түвшин ерөнхийдөө өндөр хэмжээнд илэрдэг бол липопротейн, холестролын хэмжээ цэвэршилтийн өмнөх насанд байгаа эмэгтэйчүүдээс бага байдаг болох нь тогтоогдсон байдаг. (Heianza et al., 2013)
Түүнчлэн цэвэршилтийн дараах үе шатанд байгаа метаболик синдром бүхий эмэгтэйчүүд бүх эрхтэн тогтолцоог хамарсан үрэвсэлт өвчинд өртөх явдал нь ихэсдэг нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад хамаагүй олон тоогоор шүдээ авхуулах шалтгаан болдог байж магадгүй гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байна.
Статистикийн тооцооллын үр дүнд эмэгтэйчүүдийн Metabolic syndrome ба шүд авхуулах шалтгаан хоёрын хоорондын хамааралт байдлыг баталгаатайгаар тогтоож чадсан бөгөөд дараагийн судалгаагаар энэ хоёр шинж тэмдгийн хоорондын хамаарлыг бүр дэлгэрэнгүй нарийвчилан үзүүлэх шаардлагатай байгааг судлаачид өгүүллийн дүгнэлт хэсэгтээ дурдсан байлаа.
ЗӨВЛӨМЖ:
Эндээс харахад эмэгтэйчүүдийн хэт таргалалт, ба бодисын солилцооны эмгэг хам шинж илрэх байдал нь шүд авхуулахтай шууд хамааралтай болох нь нотлогдож байна. Иймд та 40 гарсан насандаа туранхай гоолиг харагдахыг хүсч байгаа бол амны хөндийн эрүүл мэнддээ анхаарч шүдээ аль болох авхуулахаас зайлсхийх хэрэгтэй гэж мэргэжлийн судлаач зөвлөж байна.
https://www.facebook.com/shud.mn/