Халтмаагийн Баттулга “Ерөнхийлөгч болвол хийнэ” гэж ард түмэндээ амласан амлалтуудын нэг нь “60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцсан асуудал”-ыг шийдвэрлэж, энэ асуудалтай холбоотой хүмүүстэй хариуцлага тооцох байв. Энэ ч утгаараа тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдоод удалгүй буюу 2017 оны долдугаар сарын 24-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг дуудаж уулзсан юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших үеэр АТГ-т уг асуудалтай холбоотой албан бичиг хүргүүлж байсан. Энэ албан бичигтээ хариулт хүслээ. Гэвч АТГ-ын дарга Ерөнхийлөгчид нааштай, тодорхой хариулт өгч чадаагүй.
Ц.Сандуйгийн хувьд 90 минутын туршид тухайн бичлэг дээр гол илтгэгч байж, төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг ноцтой асуудлыг ярьсан. Ийм зүйл ярьсан гэдгийг Г.Доржзодов гэх гэрч залуу нотолсон байгаа. Гэвч гэрчийг ганц удаа ч болов байцааж, мэдүүлэг авсангүй. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллагад энэ асуудлыг шалгах бүх талын нөхцөл боломж нээлттэй байхад хойрго хандаж байна. Улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй шахалт дарамтууд байж болзошгүй. Гэхдээ асуудлыг нэг тийш болгож буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч анхааруулж, шалгалтын ажилд нухацтай хандах үүрэг даалгаврыг өгсөн юм.
Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл олон улсын шинжээчийн байгууллагаар уг бичлэгийг шалгуулж, нэг орчинд тасралтгүй хийдсэн бичлэг болохыг тогтоолгосон. Төрийн эсрэг хийгдсэн гэмт хэрэг. Авлигатай тэмцэх газар хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг бүх нийт харж байна. Үүнээс шалтгаалж Авлигатай тэмцэх газар байх уу, үгүй юу гэх асуудал яригдана гэдгийг Ерөнхийлөгч уг уулзалтаар онцолсон юм.
Гэвч энэ уулзалтаас хойш 10 сарын хугацаа өнгөрсөн боловч хуулийн байгууллага 60 тэрбумаар төрийн албан тушаал арилжсан хэрэгтэй холбоотой дорвитой ажил хийсэнгүй. Ц.Сандуй л НИТХ-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс өөр энэ хариуцлагын асуудал яригдсангүй. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлснээр dтөрийн эсрэг гэмт хэрэгd1 үйлдэгдчихээд байхад нэг хүнийг албан тушаалаас нь буулгасан болоод өнгөрч болох уу. Эсвэл Ерөнхийлөгч маань 10 сарын өмнө АТГ-ын удирдлагуудад өгч байсан үүрэг даалгавраа мартчихсан уу.
Тийм бол Ерөнхийлөгчид энэ асуудлыг дахин сануулмаар байна. Харин АТГ-ын даргад уг асуудлыг шалгах, хариуцлага тооцох хүсэл байхгүй бол түүнийг өөрчлөх, албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авч болохыг олон нийтийн зүгээс Ерөнхийлөгчид сануулж байна.
Эх сурвалж: medeel.mn