Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Ш. Солонгын томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр нэр дэвшигч Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм.
Нэр дэвшигч Ш.Солонго нь 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 1998 онд Нидерландын Вант Улсад иргэний болон худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ.
Тэрбээр 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын хэлтэст дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 20008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж.