Ардчилсан хувьсгалын анхдагчдад тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалттай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсэн. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүдийн уулзалт арга хэмжээ, ажил алба давхацсанаас ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг ирц хангалттай үед явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу намын бүлэгт завсарлага өгсөн юм.

Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны саналаар буюу Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 41 нь буюу 87.2 хувь нь дэмжсэнгүй.
Иймээс хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …