Эмч нар нойроо харамлаж 3 настай охиныг үхэл рүү түлхжээ

527-1375925879zuragЭмч нарыг үзэн ядацгаая

Сайдад хаягласан зовлон нэвчсэн захидлын ард…

Нэгэн цагт Б.Болдсайхан эмч нийтлэлч, бас нийгмийн доод, дунд давхаргад үйлчилдэг нийтийн эмнэлгийн эмч байхдаа “Эмч нарыг үзэн ядацгаая” гарчигтай “нийтлэл” бичсэнийг санаж байна.
“Өглөө орой өдөр шөнө хэдийд ч дуудсан цагт чинь үнэ төлбөртэй үздэгийнх нь төлөө үзэн ядацгаая. Нийтийн жорлонд ороход хүртэл 100 төгрөг байхад алаг үр аав ээжийг минь үнэгүй үзэж доромжилсных нь төлөө үзэн ядацгаая.  Олгой, цөс, зүрх тархины мэс заслыг үнэгүй хийдгийн чинь төлөө үзэж ядацгаая” гэж ирээд л эмч хүнийг “хайрламаар” ч юм шиг санагдтал бичсэн байсан. Өөрөө үе дамжсан эмч болохоор тухайн үед түүнийг хүндлэн байж л уншсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн таван жилийн хугацаанд эмчийн тухай бодол маань их холбиромтгой болж.
Уг нь, хутганы ирэн дээр тогтсон тэр л амийг эргүүлээд аваад ирж чаддаг эмч хүнийг өөлж муулахын аргагүй гэдэг бодолд би гүн итгэдэг байлаа. Өөрийн муугаас болж байгалиас ганц заяасан энэ хэдэн эд эрхтэнээ аятайхан аваад явчихаж чадаагүйдээ эмнэлэг бараадаж, эмчийн “хормойноос зүүгдчихээд” муулаад суух эрх үгүй л гэж итгэдэг байлаа.Өвчин зовлон хүн бүрт тохиолддог болохоор энэ хугацаанд олон ч эмчтэй нүүр тулгарч, ээжийгээ, дүүгээ, хүүхдээ гээд л эмнэлэгээр гэр хийх нь дөхсөн өдөр хоногуудтай ч учирлаа. Ээжийгээ алдаж, дүүгээ авруулж эмчид гомдож бас баярлаж үзлээ. Гэхдээ л дэндүү хайнга, дэндүү тоомсоргүй, аврал эрсэн биднийг нүдэнд орсон хог мэт харах эмчийн харцтай нэг биш удаа тулгарч үзлээ. Охиноо үзүүлэх гэж эмчийг гуйж гувшиж, царайчилж, муухай харсан ч, загнасан ч охиныг минь үзэж өгсөнд баярлаж л байлаа. Бас хэдэн цаас эмчийн халаасанд хийж ч үзлээ. Ийн эмнэлгээр гүйхдээ нэгэн цагт үхэл рүүгээ ойртохын цагт хэдэн төгрөг хадгаламжиндаа хийчихээд үр хүүхэддээ төвөг удахгүй юмсан гэх бодол тархинд минь аль хэдийнэ бат байр сууриа эзэлчихэж.Амьдрал гэдэг дардан биш. Хүүхдээ үзүүлж байсан эмч маань ээжийгээ эдгэшгүй өвчин туссан талаар ярихыг сонсч л байлаа. Гэхдээ би эмч нарт буруу өгөх дуртай хүн биш. Харин энэ удаад Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хаягласан нэгэн захидлыг уншаад хэрвээ би түүний оронд байсан бол… гээд өөрийн эрхгүй нулимс унаад, унагаад байсан учраас Б.Болдсайхан эмчийн хэлснээр “Эмч нарыг үзэн ядацгаая” гэж уриалмаар санагдлаа. Энэ удаад хаалт, хашилт хэрэглэхгүйгээр энэ үгийг хэлмээр…

Хаягласан эзэндээ хүрч ам­жаагүй захидал ингэж эхэлжээ. 
2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 17-н цагт СБД-ийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 6-25-1 тоотод оршин суугч Төрмөнх овогтой Маралжингоо нь тус дүүргийн харьяа өрхийн эмнэлэгт үзүүлж хэвтэх бичиг аван хордлогын оноштой СБД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хүлээн авах тасагт өөрсдийн биеэр очсон. Хүлээн авах тасгийн эмч болох Б.Соёл-Ундрах эмч хүлээн авч тус эмнэлгийн тасагт хэвтүүлсэн. Улмаар хүүхэд маань шөнийн 02 цагаас өглөөний 07 цаг хүртэл гэдэс нь хүчтэй базалж өвдөж эхэлсэн. Энэ хугацаанд ээж нь болох би 30 минут тутамд тухайн ээлжинд гарч байсан сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэд өөрийн биеэр очиж хүүхдийн биеийн байдал дордоод жижүүр эмчийг дуудаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч дуудаж өгөөгүй “Болохгүй бол би өөрөө дуудъя” гэхэд “Чи дуудахгүй, эмчийг сувилагч дууддаг” гэж хэлсэн.

Охин маань байж ядаад амь нь тэмцсэн байдалтай орноос зуурч намайг цааш нь түлхэж байсан. Аргаа ядсан би сувилагч нарт очин охинд минь ядаж өвчин намдаах тариа ч болтугай хийж өгөөч гэж гуйсан боловч өглөөний найман  цаг 20 минут гэхэд ээлж солигдох хүртэл ямар ч тариа хийхгүй тэсэхээс өөр арга байхгүй гэж хэлээд буруу харан нойроо харамлан унтаад байсан. Хэвтсэн хугацаанд маш их хэмжээний шингэн алдаж доошоо суулгаж долоон ширхэг памперс хэрэглэсэн. Аргаа барсан эцэг, эх, ах дүү бид Улсын ганц хүүхдийн эмнэлэг болох Эх нялхсын төв рүү авч явах саналыг хоёр удаа тавьсан боловч биднийг үл тоосон.
Сүүлдээ охин минь өглөөний 07 цагийн үед өвчин нь улам хүндэрч, байж суухын аргаүй болоход ээж би уйлаад хоёр сувилагч руу дахин очиж хэлэхэд миний нулимсыг харсандаа ч тэр үү сая нэг юм жижүүр болох Г.Оюунчимэг эмчийг дуудаж охиныг минь үзээд хүндэрчихсэн байна шүү дээ эртхэн хэлэхгүй гээд толгой сэгсэрч яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүл гэж хэлсэн. Шөнөжингөө их хэмжээний шингэн алдсаны улмаас судас нь хагараад шинжилгээ хийж чадаагүй. Анх охиныг минь хүлээн авч хэвтүүлэхдээ хүнд оноштой гэж хүлээн авчихаад жижүүрийн эмч, сувилагчид хүнд гэж хүлээлгэн өгөөгүй, улмаар ээжид нь хүнд байна гэж хэлээгүй, эмнэлэгт ирсэн шөнөдөө үзэж хянаагүй, эмчилгээ хийгээгүй байснаас болж 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүйн улмаас миний охин эмнэлэгт хэвтээд 30 цаг гаруй болоод нас барсан. Миний охины өвчиндөө хэрхэн шаналж, зовж байсан нь миний нүдэнд одоо ч харагдаж сэтгэл минь өмөрч гол минь гонсойж сууна. Тэгш хүртээмжтэй үйлчлээгүй, эмнэлгийн ажилтны ажил үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй, хөндий хүйтэн цэвдэг шиг сэтгэлээр хандсанаас болж миний охин хорвоог орхисон гэж бодож байна.

/ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ САЙДЫН 135-Р ТУШААЛ ЗӨРЧИГДСӨН/
Хариуцлага алдсан:
Эмч Б.Соёл-Ундрах
Г. Оюунчимэг
Сувилагч Л.Оюунгэрэл
Н.Сувд-Эрдэнэ нарт хатуу хариуцлага тооцно уу!!!
Энэ гурван настай охин таны хүүхэд, ач зээ гээд та ганцхан удаа бодоод үзээч ээ!!! гэжээ. Монгол хүн уг нь хэр барагтай бол ингэж нас барсан хүнийхээ ясыг өндөлзтөл эмч танд гомддоггүй. Гуравхан настай охин зогсолтгүй шингэн алдаж, гэдэс нь өвдөөд байгааг эмч танд дуулгах гэж хичээсээр явчихлаа. Гүйж очдоггүй юмаа гэхэд ганц минутын нойроо тэвчээд л үзээд, өөрсдөө дийлэхгүй бол Эх нялхасаас тусламж гуйж болох л байлаа.
Алдсан хүн 10 тамтай гэдэг. Ээжийн сэтгэлд үргэлж хэрвээ, хэрвээ гэдэг бодол энэ насыг элээж дуустал нь үлдэнэ. Охиноо алдсан ээж харамсан гашуудахдаа эмч, сувилагч нарын тухай хэтрүүлсэн байж болох ч болсон үйл явдлыг гажуудуулаагүй гэдэгт итгэнэ.
Хэрвээ эмч та “Хүнд хүүхэд шүү сэхээнд шууд хэвтүүл” гээд л зургаахан үг холбоод сувилагчдаа хэлчихсэн бол…
Хэрвээ…
Уг нь сэтгүүл зүйн фронтынхон эмч цагдаа нартаа тийм ч тааламжгүй ханддаггүй. Заримдаа хатуухан хатгадаг ч өмөөрөх цагтаа үзэгнийхээ алтан хошууг элэгдтэл өмнө чинь зогсч чадна. Харин энэ удаад чадахгүй нь. Зөвхөн эмчээс, сувилагчаас гэлтгүй эрүүл мэндийн салбараас ёс зүй шаардах цаг болж.
Хэдхэн өдрийн өмнө манай сонины хамт олон уриалж, өөрсдийн гар бие зүтгэлээ нэгтгэн үзэг нэгт нөхрийнхөө амийг аварсан. Хэдхэн өдөр өрнөсөн энэ үйл явдал нэгэн халуун бүлд ямар их аз жаргалыг нээж өгөхийг бид өөрсдийн биеэр мэдэрч, үнэхээр гайхалтай мэдрэмж хүртсэн. Тэгэхээр нэг айлын, нэг төрлийн аз жаргал эмч таны гар дээр байдаг. Мөнгө байлаа ч эмчийн алтан гар байхгүй бол хүний амийг хэрхэн аврах билээ.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …