УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компанийнхан шатдаг занараас бензин, онгоцны түлш, дизель түлш гаргах боломжтой тухай мэдээлэл хийв. Дээрх мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонссон нь, Засгийн газраас удахгүй Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болсонтой холбоотой аж. Тус төсөлд шатдаг занарын тухай цоо шинэ зохицуулалтыг тусгаад байгаа тул УИХ-ын гишүүдэд тодорхой ойлголт өгөх зорилгоор энэхүү мэдээллийг хийж байгаа гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.
“Жени Ойл Шейл Монголиа” компанийнхан Монголын нутаг дэвсгэр дээр шатдаг занарын судалгааг эхлүүлжээ. Гэхдээ тодорхой газруудад эхлүүлсэн учраас нийт нөөц хэд байна вэ гэдэг нарийвчилсан судалгааг гаргаж чадаагүй. Ямартай ч энэ төрлийн эрдэс баялаг түгээмэл байгаа гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Тухайлбал, Монголын нутаг дэвсгэрт нийт 312 мянган хавтгай дөрвөлжин км талбайд шатдаг занарын нөөцийг тодорхой мэдээлэлтэй есөн сав газар, гурван орд, хэд хэдэн илрэл дээр 788 тэрбум тонн гэж тооцоолсон юм байна. Энэ нь шатдаг занар тархсан талбайн 19 хувьд бодогдсон аж. Мөн сүүлийн 20 гаруй жилд энэ төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуул судалгаа нэн багассан боловч Хөөтийн ордод 1992-1996 онуудад эрэл, үнэлгээний ажил, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Далай булаг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт Ээдэмтийн ордод нөөцийн тооцооны тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2012 онд хэлэлцэн Монгол Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Ингэснээр шатдаг занарын нөөц 1.5 тэрбум орчим тонноор нэмэгдсэн юм байна. Монголын нутаг дэвсгэр дээрх шатдаг занарыг судлах, үнэлэх ажил одоогоор хийгдэж байгаа бөгөөд судалгаагаар Монголын шатдаг занар өндөр зэрэглэлийнх гэдэг нь тогтоогдсон гэж “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр гишүүдэд мэдээлсэн. Түүний тайлбарласнаар, занарыг ил уурхайн аргаар олборлон боловсруулах бус газрын гүнд боловсруулах технологи ашиглах аж. Энэ технологи нь агаар, байгаль орчин хортой нөлөө үзүүлэхгүй бөгөөд өндөр чанарын шатахуун, дизель түлш, онгоцны түлш, мөн байгалийн хий, занарын тосны шингэрүүлсэн хий гарган авахад илүү тохиромжтой юм байна. Нөгөө талаас Монголын шатдаг занар нь газрын гүн дор байрлалтай.
Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэсант суманд тогтоогдсон шатдаг занар нь 400 метрийн гүнд оршдог. Тиймээс газрын гүнд олборлох технологийг ашиглах нь байгаль экологид илүү тааламжтай ажээ. Мөн “Жени Ойл Шейл Монголиа”компанийнхны тайлбарласнаар Монгол занараас гарах тосны хэмжээг занарын нөөцөөрөө томд тооцогдох Израйлийнхтай харьцуулахад хоёр дахин их болох нь тогтоогджээ. Тус компанийн хувьд судалгаа, үнэлгээний ажлаа дуусгаад, хэдэн жил туршилтыг явуулсны дараа үйлдвэрээ барих ажилд шилжихээр төлөвлөгөөтэй аж. Сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх үйлдвэрийг богино хугацаанд өргөтгөх боломжтой бөгөөд өдөрт 50 мянган баррель занарын тос үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Ийм хэмжээний занарын тос үйлдвэрлэхэд нэг км-ыг 10 хуваасны нэгтэй тэнцэх газарт олборлолт явуулах бөгөөд нийтдээ 6700 тонн сайн чанарын бензин, онгоцны түлш үйлдвэрлэх боломжтой юм байна. Түүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэх бололцоотой. Занарын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар Монгол Улс бензин, онгоцны түлш, байгалийн хийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадаадад экспортлох боломжтой хэмээн “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр онцолсон байна.