Норвегийн багтай нөхөрсөг тоглолт хийсэн Панамын хөлбөмбөгчдийн байрлаж байсан Осло хотын нэгэн зочид буудлын өрөөнүүдэд хулгай оржээ. Энэ тухай Панамын Хөл бөмбөгийн холбоо /FEPAFUT/ твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Нөхөрсөг тоглолт лхагва гарагт болж Панамын шигшээ 0:1 харьцаагаар хожигджээ. Тоглолтын дараа тамирчид зочид буудалдаа ирэхэд гурван өрөөнөөс тэдний эд зүйлс алга болсон байжээ. Норвегийн цагдаагийн газар энэ хэргийг шалгаж байна.
Панамын телевизийн “RPC TV” сувгийн мэдээлснээр, шигшээ багийн ахлагч, хамгаалагч Роман Торрес, хаалгач Хосе Кальдерон, хагас хамгаалагч Армандо Купер болон FEPAFUT-ын дэд ерөнхийлөгч Рамон Кардосе нар хулгайд эд зүйлс, мөнгөө алдсан байна. Нийтдээ 3 мянган бальбао буюу 7,2 сая төгрөгийн бэлэн мөнгө хулгайд алдагджээ. Тухайлбал, Торрес өрөөнөөсөө 1000 бальбао /2,4 сая төгрөг/ болон хоёр ширхэг цагаа алдсан байна.
Панамын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий шилдэг 32-т шалгараад байгаа бөгөөд G хэсэгт Бельги, Англи, Тунисын багуудтай учраа таарчээ.