УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцож буй гишүүдийн дунд нууц санал хураалтыг явууллаа. Санал хураахад хуралдаанд оролцсон нийт 57 гишүүний 29 гишүүн буюу 50,9 хувь нь УИХ-ын гишүүн Д. Гантулгыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн А.Ундраа: Хүний эрхийг хүндэтгэх байх, сонголтоо ухаалаг хийх байх гэж найдаж байна. Эдгээр тохиолдол нь УИХ-ын гишүүдийн дотор эмэгтэй гишүүдийн тоог нэмэх шаардлагатай болжээ гэдгийг харуулж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт:Эрчүүд та нар эхээс төрсөн, эхнэртэй, охидтой шүү дээ. Эрчүүдийн хүчний дор охид, эмэгтэйчүүд үнэхээр өрөвдмөөр шүү. УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлээгүй байхад энэ хүнд захиргааны шийтгэл ногдуулах боломжгүй байдаг гэж Ц.Нямдорж гишүүн хэлж байсан. Д.Гантулга залуу хүн, хийгээгүй гэдгээ нотлоод гараад ирэг л дээ. Залуусын нэр хүнд цаашдаа ямар байх вэ гэдэг нь эндээс харагдаж байна. Залуугаараа төрийн түшээ болчихоод хүчирхийллийн гэмт хэрэгт орчихоод, хийгээгүй бол түүнийгээ нотлох боломжийг нь олгох ёстой. Та бүхэн эхнэрүүд, охин хүүхдээ, эхнэрүүдээ бодож шийдвэр гаргаач ээ.