Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Сүхбаатарт дүүргийн VI хороонд байрлах нэгэн ресторанд танхайран өөрийн бие хамгаалагчийг хутгалсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Мөн эл мэдээллийг ЦЕГ-аас баталгаажуулан Н.Номтойбаяр Б гэгчийн биед мэсний төрлийн зүйл ашиглан гэмтэл учруулсан гэх гомдл ирсэн. Үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгээд байгаа тухай мэдэгдсэн.
Харин Н.Номтойбаяр гишүүн эл бүх мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Тэгвэл тэрээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар өөрөө хүсэлт гаргасан байна. Тэрээр “Цагдаагийн ерөнхий газар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлэгийн шинж чанартай мэдээллүүд нийтлэгдэх боллоо. Тиймээс энэхүү мэдээллийн дагуу шалгуулах хүсэлтэй байгаа хүлээн авна уу” гэсэн хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгт хүргүүлээд байгаа ажээ.