УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөх болсон талаараа дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр”УИХ-ын гишүүн нь хувь хүн биш, хувь хүний шийдвэр гаргадаггүй. Миний бие ийм асуудалд орооцолдсондоо харамсаж байна. Юуны өмнө аав ээж, гэр бүл хайртай ханиасаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Гэр бүл, үе тэнгийн найз нөхөд, сонгогчид, нэг танхимын УИХ-ын гишүүдээсээ уучлал хүсч байна.
Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Ч. Саранзаяа, Б. Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна.
Монголын нийт ард түмний магадгүй залуу хүнд, залуу улс төрчид итгэж байсан итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ харамсаж байна.
Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг маань би ч, та бүхэн ч, бас Монголын ард түмний нэлээд хэсэг ойлгож байгаа гэж итгэж байна. Уужим сэтгэлтэй ард түмэн маань энэ бол гэмт үйлдэл биш, улс төр байсан юм аа гэдгийг ойлгох тийм үе удахгүй ирнэ гэж итгэж байна.
Ийм учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Хүсэлтээ одоо УИХ-ын даргад албан ёсоор өгөх гэж байна” гэлээ.