Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг нэг талд нь шийдэх ёстой. Монгол Улсын хуулийг зөрчиж, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж, улс төрийн нөлөө бүхий нөхдүүд, хууль хяналтын байгууллагын төлөөллүүдийг оролцуулаад хийсэн. Үндсэндээ Монгол ард түмнийг олон жилийн туршид тэжээж ирсэн зүйлийг булааж авах үйл ажиллагаа явуулсан гэж үздэг.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдаж авсныг буруутгаж байгаа зүйл биш. Гэхдээ өмчөө мэддэг төр, төрийн эзэмшлийн 49 хувийг ОХУ-ын тал худалдаалахдаа УИХ-аас зөвшөөрөл аваад худалдаалах ёстой байсан зүйлийг орхигдуулсан нь өөрөө асуудал дагуулсан. Нөгөө талдаа Худалдаа Хөгжлийн банк гэж том банк байна. Монгол Улсын банкны хуулиар зохицуулагдаж, үйл ажиллагааг явуулдаг Худалдаа Хөгжлийн банк өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд зээлийг олгосон эсэх асуудлуудыг судлах ёстой.
Нэг арилжааны банк ямар ч барьцаагүйгээр 29 настай залууд хэдэн зуун сая доллар зээлж байгаа байдалд банкны хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Нэг хүнд их хэмжээний мөнгийг зээлээр олгож байгаа Худалдаа Хөгжлийн банк банкныхаа хуулийг дагаж байгаа эсэх. Энэ асуудалд анхааралтай хандах ёстой гэж бодож явдаг. Монгол Улсын Засгийн газраас Монголын ард түмний эрх ашгийг хангах, Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгах үүднээс “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд нухацтай хандах ёстой гэсэн зарчмыг барьж ажиллаж байгаа.
УИХ-аас энэ чиглэлд шийдвэр гаргасан. Харамсалтай нь шүүхийн шатанд буюу захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр яваад очихоороо Засгийн газрын гаргасан шийдвэрийг цуцалчихдаг.
Тухайн асуудлаар Засгийн газрын гаргасан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох хэм хэмжээ байгаа юу гэдэг асуудалд ҮХЦ-д хандахад цэцийн хуралдаанаас захиргааны хэргийн анхан шатны шүүх Засгийн газрыг шийдвэрийг цуцалж хүчингүй болгох эрх байхгүй гэсэн дүгнэлт гаргахад дав заалдах шатны шүүхээс дахиад анхан шатны шүүхээс гаргасан захирамжийг баталгаажуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас Монголын ард түмний эрх ашгийн төлөө гаргасан гаргасан шийдвэр шүүхээс ямар ашиг сонирхлын үүднээс ийм шийдвэр гаргаад байна вэ гэдэг хардахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.
Энэ бүх нөхцөл байдал үндсэндээ луйврын шинжтэй явж байна гэж хэлж болно. Энэ луйврыг таслан зогсоох ёстой. Луйврыг таслан зогсоохын тулд өнөөдөр МАН бүх төвшинд анхаарлаа хандуулж ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг ярьж байгаа хүмүүсийг няцаах, улс төрийн зорилго агуулсан, хууль хяналтын зарим байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа идэвхжиж ирж байна. Сүүлийн үед улс төрийн хүрээнд маш цөөхөн гэр бүл Монгол улсын эдийн засаг, улс төр, болон хууль хяналтын байгууллагуудыг хянадаг болжээ.
“Эрдэнэт” үйлдвэрт анхнаасаа луйврын шинжтэй эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдчихсэн. Монгол Ардын нам албан тушаал наймаалахгүйгээр. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд онцгой анхаарна.
Болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг авна. Ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ. Хууль хяналтын, бизнесийн бүлэглэлийн эсрэг шулуухан тэмцэх цаг нөхцөл нь бүрджээ ” гэж мэдэгдлээ.