УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болохыг Байнгын хороон дарга Ш.Раднаасэд тайлбарлав. Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд үүсч болох эрх зүйн үр дагаварын талаар УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулж хариулт авсан. Ц.Мөнх-Оргил гишүүн “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх явцад хууль зүйн тодорхой гаргалгаа хийх шаардлагатай болж байна. Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байсан ч холбогдох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн боломж бий хэмээн тайлбарласан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар ч боломжгүй гэдэг тайлбар өгч байсан. Тиймд УИХ-ын тухай хуульдаа үүнтэй холбоотой зохицуулалтыг тодорхойлж, өөрчлөлт оруулах нь дараа дараагийн парламентад чухал ач холбогдолтой” гэдэг байр суурийг илэрхийллээ.
Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.