Гар утасны “гаршсан” хулгайч нарыг “гацаах” арга байна “Гээсэн юмаа аваарай товчоо сонсч байна… Аан шууд 200 мянган төгрөгтэй ирээд гар утсаа авчихгүй юу дөө”… Энэ бол “Рашаантын 18” хэмээх МУСК-ны нэг үзэгдэл. “Банш” Батаагийн бүтээсэн халаасны хулгайчийн дүр одоо ч сэтгэлд хоногшжээ. Харин амьдрал дээр түүн шиг нөхдүүд Улаанбаатарт хэр олон байдаг бол. Тэгвэл нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 600 гаруй халаасны хулгайч байдаг талаар ЦЕГ-аас мэдээлж буй. Тэдний орлогыг тэтгэдэг хамгийн чухал зүйл бол мэдээж гар утас. Гар утас гангараа байсан цаг хэдийнэ ард хоцорсон. Эдүгээ гар утас хүмүүсийн амьдралынх нь салшгүй нэг хэсэг болчихоод буй. Цалингийн доод хэмжээг хэд дахин нугалсан өндөр үнэтэй гар утас хэрэглэгчид Улаанбаатарын гудамжаар дүүрэн хөлхөнө. Ингэж яваад харин урт гартнуудад үнэ, цэнтэй гар утсаа алдахын зовлон бий. Хэн нэгний халааснаас 33,10 уначихвал хулгайч нар “Утас чинь уначихлаа” хэмээн аваад өгдөг гэх. Тэд зөвхөн үнэ хүрэх гар утас хулгайлж зардаг. Харин тэдний энэхүү бизнесийг хэн, хэрхэн дэмжиж байна вэ. Үнэхээр гар утас хулгайлаад цааш нь мөнгө болгож чаддаггүй байсан бол тэдэнд бусдын эд хөрөнгө рүү шунах шаардлага байхгүй. Тиймээс ч манай сурвалжлах хэсэг энэ тухай сурвалжлахаар олны нэрлэж заншсанаар “Теди” худалдааны төвийг зорилоо.
Ингээд хэсэг хугацаанд ажиглалаа. Энд дан эрчүүд гар утасны дамын наймаа эрхэлдэг аж. Харин шар өнгийн ноосон цамцтай хижээл насны, халимаг үстэй эмэгтэй ирэхэд бүгд л “Цоогий эгч ойрдоо үзэгдэхгүй юу болоов. Дүү нар нь байж л байгаа ш дээ. Та хааяа ирж байгаач” хэмээн ээждээ эрхэлж байгаа хүүхдүүд шиг тал талаас нь шуугих аж. Энэ байдлыг ажиглавал тэр эмэгтэй нэлээд нөлөө бүхий нэгэн бололтой. Янжуур зуусан тэр эмэгтэй залуустай хэсэг ярьж байгаад “Эгчид нь нэг утас байна. Юутай ч дотогшоо орчихоод ирье. Болохгүй бол та нар үнэ тохироод авахгүй юу даа. Нэг их үнэтэй эд ч биш л дээ” гэчихээд явж одов. Дотогшоо гэдэг нь “Теди” рүү орохыг хэлж байгаа хэрэг. Удсан ч үгүй өнөөх эмэгтэй гарч ирээд нэг залууд “За, за яах вэ 100 цаасанд авбал ав. Угаасаа зүгээр шахам орж ирсэн утас байгаа юм” гэв. Тэд наймаа тохирсон бололтой. Өнөөх эмэгтэй “Эгч нь тэгж байгаад дүү нар дээрээ ирнэ ээ. Одоо явахгүй бол дараагийн ажил хэцүүдэх нь” гээд явж одов. Энэ зуур өнөөх залуус энүүгээр, тэнүүгээр явсан хүмүүсийг “Зарах утас байна уу, авна шүү” , “Хямдхан утас байна шүү, үзээрэй” хэмээн хоргоосоор байв. Ингэж байтал өмнөх сандал дээр минь улаан саравчтай малгай духдуулсан 40 эргэм насны нэгэн эр ирж суулаа. Гартаа хар жижиг даавуун цүнх барьсан байх бөгөөд дүүрэн гар утас чихээстэй харагдана.
Үг, хэл хурц энэ эр хажуугаар явсан хүмүүсийг тэр дор нь панаалдах аж. Ажиглаад байхад хөдөөнийх болов уу гэмээр техник, технологийн ид шидийг гадарлахааргүй нөхдүүдийг хажуудаа суулгах юм. За тэгээд өнөөх эр ёстой л тэднийг мунхруулах шиг болж байгаа юм. “Хар л даа, цэмбэгэр амьтан байгаа биз дээ. Ямар ч өө сэв байхгүй” гэж ирээд л өнөөх хэдэн хуучин гар утаснуудаа “зад” рекламдах аж. Намайг сууж байх хугацаанд өнөөх эр нэлээд хэдэн утас борлуулаад амжсан юм. Ингээд гар утас худалдаж авах гэж байгаа хүн болоод түүнтэй хэдэн үг солилоо.
-Утас авах гэсэн юм. Танд S2 эсвэл S3 байгаа юу?
-Ах нь тиймэрхүү үнэтэй утас зардаггүй юм. Ер нь энд байгаа хүмүүст чиний сураглаад байгаа гар утас чинь байхгүй. Яах вэ, андройд гар утас гэвэл Солонгосоос ирсэн ийм утас байна /Өнөөх даавуун цүнхнээсээ хуучивтар хар өнгийн Samsung маркийн гар утас гаргаж үзүүлэв/
-Тэгээд хэдээр зарах юм?
-Яах вэ, дүү охин 100-д авбал ав л даа. Түүнээс доош байхгүй.
-Энэ утас чинь хуучин юм биш үү. Солонгосоос ирсэн нь үнэн үү?
-Хэрэглэж байсан утас шүү дээ. Солонгосоос ирсэн нь үнээн үнэн.
-Та утаснуудаа хаанаас авдаг юм бэ. Арай хулгайн утас юм биш биз дээ?
-Үгүй ээ, үгүй. Заримыг нь хувь хүнээс авна. Нөгөө хэсэг нь Солонгосоос ирдэг юм. Хулгайн эсэхийг нь би яаж мэдэх вэ дээ. Хувь хүмүүсийн авчирсан гар утсыг үнэ тохироод л худалдаж авдаг. Би ямар халаасны хулгайч нартай найзалдаг биш.
-Халаасны хулгайчтай холбоотой хүмүүс байдаг гэсэн үг үү?
-Чи ер нь ямар олон юм асуудаг хүүхэд вэ. Авбал аваад, авахгүй бол явж үз.
Биднийг ийнхүү ярилцах зуур хажуугаас өөр нэгэн залуу гүйгээд ирэв. “Яг ямар гар утас сонирхоод байгаа юм. Надад байгаа утсыг үзэхгүй юм уу” хэмээн халааснаасаа LG маркийн гар утас гаргаж ирээд “250-д шууд өглөө” хэмээн тулгав. Тэгснээ халаасанд минь байсан утсыг “Гар утсаа хямгадаж яваач, ингээд л авчихна шүү дээ” хэмээн сурмаг гэгч нь авч үзүүлэв.
Ерөнхийдөө ченжүүд лангууны ханшаас 30 мянгаар хямдхан зардаг юм байна. “Теди” худалдааны төвийн лангууны түрээс байрлалаасаа шалтгаалаад 450-1.5 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг юм билээ. Тэгэхээр түрээс төлж байгаа хүмүүс үнэтэй зарах нь ойлгомжтой. Харин гадаах ченжүүдийн хувьд тэд талбайн түрээс төлдөггүй учраас харилцан тохиролцох маягаар арилжаа наймаа явуулдаг ажээ. Өнөөх залуу ч биднийг гар утас авахгүй гэдгийг маань гадарласан бололтой төд удалгүй явж одов. Харин өөр нэгэн архи ханхлуулсан хижээл насны эр “Гар утас авна” хэмээн шивнэх нь холгүй өнгөрөв. “Та хэдэд авах юм” хэмээн асуубал “Ямар утас юм. Гаргаад ир харъя” гэлээ. Тэгээд цүнхнээсээ Samsung Galaxy Note 1 маркийн гар утсаа гаргаж үзүүлбэл нүд нь сэргээд явчих нь тэр. Тэгснээ өнөөх эр “Машинд сууя. Тухтай ярилцъя” гэв. Бид ч машинд суухгүй гэдгээ хэлж тайлбарлаад “авахгүй бол буцаагаад өгчих” гэлээ. “Ахыгаа аваад зугтчихна гэж бодоод байгаа юм биш биз дээ.
Эндээс жаахан холдоё. Хэдхэн алхаад машин байгаа” гэв. “Теди” худалдааны төвийн үүднээс хэдхэн алхтал хаанаас ч юм архи ханхлуулсан залуус гараад ирлээ. Өнөөх хижээл насны эр тэдний өмнөөс гүйдэг нэгэн бололтой. Утсыг маань “200-д л авна” гэв. “250-д авна гэсэн шүү дээ” гэхэд “ченжүүд амаараа хэлэх нэг өөр, үйлдэл дээрээ бас өөр шүү дээ” гээд инээлээ. Ингээд бидний наймаа тохирохгүйг ойлгосон тэд дахиад л хаашаа ч юм гүйгээд явчихлаа. Өнөөх согтуу эрийг хэнтэй ярихыг нь алсаас ажиглаад сууж байдаг бололтой юм. Тэдний ярьж байгаагаар бол хувь хүнээс худалдаж авсан гар утсан дээрээ 30-50 мянган төгрөг нэмж зардаг гэх. Үнэндээ бол 50-100 мянган төгрөг нэмж зардаг тухай тэр хавийнхан хэлж байв. Ерөнхийдөө “Теди”-гийн үүдэнд хагас өдрийн турш суухад нэг иймэрхүү л дүр зураг ажиглагдана. “Теди”-гийн үүдэнд байнга зогсдог 20-30 хүн байдаг аж.
Эндээс бид “Монтел”-ийг зорилоо. “Монтел” төвийн урдуур ч бас “гар утас авна, зарна” гэсэн хүмүүс хөлхөх аж. Зарим нь “Теди” хавиар эргэлддэг ченжүүдтэй сүлжээ болж ажилладаг тухай яриа ч чихний хажуугаар өнгөрсөнгүй. Монтелийн хувьд лангууны түрээс нь 320 мянгаас эхэлдэг юм билээ. Харин үүдээр нь хөлхөх ченжүүдийн дунд бүсгүйчүүд ч бас харагдав. “Теди” дээр 200-аас дээш авахгүй гээд байсан өнөөх гар утас маань энд харин овоо үнэ хүргэв. Монтелийн үүдээр хөлхдөг ченжүүд харин 250 мянгаар авна гэв. Европоос орж ирсэн ухаалаг гар утаснууд илүү үнэд хүрдэг аж. Харин Солонгос гар утас бол төдийлөн үнэд хүрээд байдаггүй тухай эндэхийнхэн ярьж байна. Олон арван хүн дамын наймаачдад ханддаг юм билээ. Тэдний зарим нь гар утас зарж, нөгөө хэсэг нь худалдаж авч байгаа харагдана. Гэхдээ хэнийг ч гаднаас нь хараад халаасны хулгайч гэж дүгнэх боломжгүй. Ямартай ч халаасны хулгайч нар хулгайлсан гар утсаа энд авчирч борлуулдаг, “Теди”, “Монтел”-ийн гадуур хөлхөх ченжүүдтэй сүлжээ үүсгэсэн байдаг талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.
Урт цагааны гудамжаар олон ломбард байх боловч гар утас авдаггүй юм билээ. Эндэхийн ломбарднууд яагаад гар утас авдаггүй талаар лавлахад “Хүмүүс ихэвчлэн гар утас тавьчихаад авахгүй алга болчихдог юм. Хулгайлсан утсаа үнэ хүрэхийг нь ломбардад тавьчихаад, үлдсэнийг нь хойд хэдэд өгчихдөг гэж сонссон юм байна. Ер нь тэгээд гар утас чинь өөрөө эрсдэлтэй зүйл.
Халаасны хулгайч нартай цагдаагийнхан хэр чадлаараа л тэмцэж буй. Гэтэл нөгөө талд нь тэднийг өөхшүүлдэг, бизнесийг нь цэцэглүүлдэг хэсэг хүмүүс байх. Мэдээж Теди, Монтелийн үүдээр эргэлддэг дамчдыг бүгдийг нь халаасны хулгайч нартай холбоотой гэж туйлширч болохгүй. Гэхдээ л жижигхэн зах зээлтэй Улаанбаатарын хувьд тэдний тэн хагас нь хулгайч нартай сүлжээ үүсгэн ажиллаж байгааг албаны хүмүүс хэлээд байгаа юм даа.
Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд иргэд дэмий л харамсаад өнгөрдөг. Энэ байдал нь халаасны хулгайчдыг улам өөхшүүлсэн хэрэг болоод байгааг бид анзаарахгүй байна. Учир нь гар утсаа хулгайд алдсан л бол цагдаад хэлж тэмдэглүүлэх шаардлагатай байдаг аж. Хэрэв хүн бүр цагдаад тэмдэглүүлж хэвшвэл гар утасны хулгайн хэргийг тодорхой хэмжээнд багасгах боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлдэг. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа.
-Цагдаагийн байгууллагад халаасны хулгайд эд зүйлээ алдлаа гэсэн дуудлага өдөрт 10 гаруй ирдэг. Мөн энэ хэмжээний хэргийг Нийслэлийн цагдаагийн байгууллагын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид илрүүлэн ажилладаг. Гэвч манай улсын хууль хэт зөөлөн байгаа. Тиймээс халаасны хулгайгаар дагнаж, гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн гарын хээ болон фото зургийг нь авч бүртгэлжүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар байнгын халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг нийтдээ 600 орчим хүний судалгаа гарсан. Тиймээс халаасны хулгайчид эд зүйлээ алдсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газар дээр хүрч ирээд тухайн бүртгэлийг шүүж үзэх боломжтой гэдгийг хэлмээр байна. Мөн гар утсаа хулгайд алдсан иргэд цагдаагийн байгууллагад бүртгүүлж байх хэрэгтэй. Бүртгүүлээгүйгээс болж нэг халаасны хулгай хийсэн этгээдийг илрүүлэхэд халааснаас нь олон төрлийн гар утас гараад ирэх тохиолдол байдаг.
Гэтэл тэдгээр гар утаснуудыг тухайн этгээдийг хулгайлсан гэх ямар ч баримт байдаггүй. Учир нь дээрх гар утаснуудыг алдсан иргэд цагдаад тэмдэглүүлээгүй байдаг. Тиймээс халааснаасаа гарсан гар утаснуудыг баривчлагдсан этгээд миний найзынх, ахынх, эгчийнх гээд аваад явах тохиолдол их байна. Ер нь иргэд олны хөлийн газраар явахдаа ойр орчимдоо байгаа хүнийг сайн харж, сонор сэрэмжтэй явах шаардлагатай байна. Тухайн гэмт хэрэг нь давтан буюу олон удаагийн үйлдлээр бүртгэгдээд, нэг удаагийн үйлдэл дээрээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү гарсан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсдэг. 145.1-т бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, 100-200 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх эсвэл гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн этгээд торгуулах мөнгөгүй байдаг учир албадан ажил хийлгэх эсвэл гурван сар хүртэлх хугацаагаар баривчлаад буцаагаад гаргахаас өөр аргагүй. Гэтэл иргэд цагдаагийн байгууллага халаасны хулгайч нартайгаа үгсэн хуйвалдаад байна гэж ойлгодог. Тиймээс хууль нь өөрөө ийм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Үнэхээр ч халаасны хулгай багасахгүй байгаагийн нэг том шалтгаан нь хэтэрхий зөөлөн зүйл заалттай хуультай шууд холбоотой юм. Учир нь халаасны мэргэшсэн хулгайч нар хэзээ ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхүйц үнэ бүхий гар утас хулгайлдаггүй гэж цагдаагийнхан хэлдэг. Учир нь хулгайлсан гар утас нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол захиргааны хариуцлагын хуулиар 5-20 мянган төгрөгөөр торгоод л явуулдаг. Тиймээс зарим тохиолдолд өглөө 08.00 цагт ажил эхлэхэд хулгай хийгээд баригдсан хүн орой 17.00 цагт дахин хулгай хийгээд баригдаж ирэх тохиолдол ч байсаар байгаа. Мэдээж утасны хулгайч нарыг 5-20 мянган төгрөгөөр торгосон болоод өнгөрдөг байдал нь тэдний “хөх инээдийг” хүргэдэг байх. Учир нь нэг хүний халааснаас хулгайлсан утсаа тухайн торгуулийн мөнгөнөөс хэд дахин илүү үнэ хүргэж, утасны ченжүүдэд зардаг гэдэг нь ойлгомжтой. Олон хавар нэгэндээ гэдэг шиг зарим тохиолдолд л хөдөлмөрийн хөлснөөс дээш гарах үнийн дүн бүхий гар утас хулгайлаад баригдвал торгуулийн мөнгөгүй гэдэг шалтгаанаар албадан ажил хийх эсвэл гурван сар хүртэлх хугацаагаар баривчлагдаад гарч ирээд өнөөх халаасны хулгайн “ажлаа” үргэлжлүүлэн хийдэг гэдэг нь хэн хүнд ойлгомжтой дүр зураг юм. Тиймээс хууль эрх зүйн шинэчлэл хийж, хулгайн гэмт хэргийн захиргааны зөрчлийн гэмт хэрэг бус зөрчлийн тухай хууль болгон шинэчилж, хулгайч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, давтан гэмт хэрэг үйлдсэн бол хатуухан шийтгэл хүлээлгэдэг болох зайлшгүй шаардлагатай байна.
Алдсан утсаа олох боломжтой, гэвч…
Албаны хүн ийн ярьж байна. Тэгэхээр иргэдэд ч мөн өөрийнхөө эд зүйлд санал тавтх чухал болоод байна. Техник технологи хөгжиж буй өнөө үед гар утаснууд хүнээс ч ухаалаг болоод байгаа. Тиймээс халаасны хулгайчид алдсан гар утсаа буцаагаад олоод авах эсвэл өөр хэн нэгэн ашиглах боломжгүй болгох олон төрлийн арга бий болсон байна. Тиймээс ч цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг багасгах үүднээс үүрийн телефоны опеаторуудтай хэд, хэдэн удаа уулзалт зохион байгуулсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ОНХХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Бид үүрэн телефоны опеаторуудтай хэд, хэдэн удаа уулзсан. Хэрэв тухайн оператор компанийн хэрэглэгч гар утсаа хулгайд алдсан бол хэрэглэгчдийнхээ гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй болгох, тухайн хэрэглэгч нь оператор компани дээрээ очиж нээлгэсэн тохиолдолд хулгайд алдсан утсыг ашиглах боломжтой болгох зэрэг асуудлыг тавьсан. Тиймээс уг саналын дагуу Мобиком корпораци утасны байршлыг тогтоох үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Гэхдээ төлбөртэй үйлчилгээ явуулж эхэлсэн учир уг үйлчилгээгээ бүх хэрэглэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэх шаардлагатай байгааг хэлсэн. Гэвч бизнесийн байгууллага учир энэ тал дээр хайхрамжгүй хандаж байгаа” гэсэн юм. Үнэхээр иргэд энэ талын мэдлэг муу байна. Тухайлбал, энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Бямбасүрэн хэлэхдээ “Би гар утсаа алдаж байсан. Гэхдээ цагдаад тэмдэглүүлж байгаагүй. Учир нь ажилтай амжаагүй юм. Харин гар утсаа хулгайд алдсан тохиолдолд байршлыг нь илрүүлдэг үйлчилгээ байдаг гэж сонсоогүй.
Хэрэв тийм үйлчилгээ байдаг бол их зүгээр юм байна” гэсэн юм. Тиймээс үүрэн телефоны опеаторууд өөрийн үйлчилгээг сурталчлан танилцуулахдаа телевизэд хангалттай мөнгө төлж, сурталчилгаа хийдэгтэй адил энэ төрлийн үйлчилгээнүүдийг хэрэглэгчиддээ таниулах үүднээс бага ч гэсэн мөнгө зарцуулж яагаад болохгүй гэж. Тухайлбал, Мобиком корпораци Монголд анх удаа албан ёсны лицензтэйгээр ухаалаг гар утас, таблетад зориулсан МcAfee@R гар утасны хамгаалалтын программыг оруулж иржээ. Улмаар 2012 оны тавдугаар сард Зүүн өмнөд Азийн орнуудын Мэдээллийн технологийн зөвлөл, Сингапурын Мэдээллийн технологиос зохион байгуулсан “Best Android Mobile Security App”-д тэргүүлсэн бөгөөд ухаалаг гар утас, таблетыг үйлдлийн систем, интернэт холболтоос үүсэх вирусын бүх төрлийн халдалтаас 24 цагийн турш хамгаалахаас гадна мэдээллийг цоожилж, утсаа алдсан, гэмтээсэн тохиолдолд таны утсанд хийсэн сим картын дугаар, байршил зэргийг мэдээлдэг байна. Тиймээс алдсан утсыг ямар ч асуудалгүй олох боломжтой гэсэн үг. Сүүлийн үед иргэд гар утаснаасаа цахим ертөнцөөр аялж, гэр бүлийн фото зураг, найз нөхдийнхөө хөгжилтэй агшин, ажил хэрэгч уулзалт, утасны дугаар, и-мэйл хаяг гээд өөрт хэрэгтэй бүх мэдээллээ агуулдаг болсон.
Тэгсэн мөртлөө гар утсаа хулгайд алдаад харамсч, халаглаад л өнгөрдөг. Гэтэл бүтэн жилд 18 мянган төгрөг зарцуулах Мобиком корпорацийн уг үйлчилгээ иргэдийн үнэт мэдээлэл, гар утасны аюулгүй байдлыг нь найдвартай хамгаалах юм билээ. Өөрөөр хэлбэл, программыг гар утсандаа суулгаснаар алдах, гэмтээх, солих тохиолдолд утсанд хадгалагдсан бүх мэдээллээ дахин сэргээх, алсаас цоожлох, шаардлагатай мэдээллүүдийг устгах боломжтой. Мөн гар утсаа алдсан тохиолдолд тухайн утсанд ямар дугаартай сим карт хийснийг утасны дугаар, газрын зургийн байршилтай нь мэдэж болох аж. Энэ мэтчилэн гар утсаа хамгаалах олон төрлийн арга байгааг иргэд өөрсдөө судалж мэдэх шаардлагатай байна. Тухайлбал, хулгайд алдсан гар утсыг блоклох буюу өөр хэн нэгэн ашиглах ямар ч боломжгүй болгох арга байдаг байна. Тодруулбал, гар утасныхаа серийн дугаарыг мэдэхийн тулд *#06# гэж бичээд дэлгэц дээр гарах 15 оронтой тоог бичиж аваад найдвартай хадгалж болох гэнэ.
Хэрэв гар утсаа алдсан бол дээрх кодоо операторт хэлж утсаа блоклуулснаар хулгайч шинэ сим карт хийгээд ч утсыг ашиглах боломжгүй болдог байна. Энэ мэтчилэн энгийн аргыг гар утас ашигладаг иргэд хэрэглэж сурвал гар утасны хулгай гэдэг гэмт хэрэг Монголд бүрэн зогсоох нэгэн гарц ч байж болох юм. Техник технологи хөгжсөн, өндөр хөгжилтэй улс оронд гар утасны хулгайг энэ мэт байдлаар л бүрэн зогсоосон туршлага байна. Тиймээс гар утсаа хулгайд алдсан иргэд дэмий харамсаад өнгөрөх бус цагдаад тэмдэглүүлэх эсвэл гар утсныхаа байршлыг тогтоох программ суулгах, блоклуулах зэрэг олон арга байгааг санаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хэрэв хүн бүр ингэж чадвал хулгайн гар утсыг бизнес болгон цэцэглүүлээд байгаа этгээдүүдийг ч “хоолгүй” болгож чадах боломж байсаар байгаа юм.