Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжиж, гишүүнээс чөлөөлсөн. Тиймээс Улсын Их Хурлын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон тул Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийсэн юм.
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоохоор тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг дэмжлээ.
Харин Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхийг дэмжлээ.
Түүнчлэн “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 095 885 төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 162 537 250 төгрөгөөр батлах нь зүйтэй гэж үзлээ. Уг тогтоолын төсөлд тусгагдсан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтсон юм.