Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Байнгын хороо уг тогтоолын төслийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжсэн байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,3 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тусгасан байв.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийн талаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг батлахыг дэмжжээ. Уг тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тусгасан байв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, санал хэллээ. Ингээд Байнгын хорооны саналын дагуу УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн.
Үргэлжлүүлэн “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар асуулт асууж, хариулт авлаа.
Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 095 885 төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 162 537 250 төгрөгөөр батлах, цаашдаа улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа. Ингээд Байнгын хорооны саналын дагуу “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76,5 хувь нь дэмжив гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.