Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдаан энэ сарын 23-26-нд Пхеньян хотын Ардын дээд хурлын ордонд болов.
Хуралдааныг тус комиссын монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга солонгосын хэсгийн дарга, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам нар тэргүүлж, монголын талаас Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, солонгосын талаас Хөдөө аж ахуйн яам, Газар, далайн тээврийн яам, Худалдааны яам, Улсын эдийн засгийн хөгжлийн хороо, Төмөр замын яам болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Хуралдааны үеэр хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, цаашид худалдаа, тээвэр, хөдөө аж ахуй, биеийн тамирын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлын талаар хэлэлцэж, тодорхой ажлуудыг 2013-2014 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллахаар тохиров.
Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллааганы Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдааны Протоколд гарын үсэг зурав.
Айлчлалын үеэр ЗГХЗК-ын монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Ким Ен Намд бараалхаж, Сайд нарын танхимын Шадар сайд Ган Сөг Жү-тэй уулзав.
Төлөөлөгчид Пёньяны Олон улсын намрын үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, хөнгөн аж үйлдвэр, хүнс, жимсний аж ахуйн үйл ажиллагаатай танилцав.
Энэ удаагийн хуралдаан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлогтой боллоо.
эх сурвалж: засаг.мн