Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг билээ. “Улаанбаатарын үдэш 2018” цэнгүүний нээлтэд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр оролцож наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ.
Иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолт мөн “Хурд” хамтлагийн 25 жилийн ойн баярын тоглолт боллоо. Хурд” хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ. Хурд хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй рок хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв.
Тоглолтод дуучин С.Сэрчмаа, “Чоно” хамтлаг, “Fire” хамтлаг, “Жонон” хамтлаг, амьд хөгжмийн “Аадар” хамтлаг болон “Хурд” хамтлагийн соло гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаярын багийн “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид оролцож ая дуугаа өргөлөө. “Улаанбаатарын үдэш” цэнгүүний ёслолын буудлага Д.Сүхбаатарын талбайд эхэлж, наадамчин олныг баясгалаа.