Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор болжээ.
Тодруулбал, ОХУ-ын Россия-1 телевизийн “Incredible People” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс МОУА-ийн тамирчдад урилга ирүүлжээ. Ингэснээр тус академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар, ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр гурав тус нэвтрүүлэгт оролцох юм байна.Тэд гурван долоо хоногийн дараа ОХУ-ыг зорих аж.
Энэ тухай Монголын Оюун Ухааны Академийн Х.Хатанбаатар “ОХУ-ын Москва хотноо Россия-1 телевизийн “Incredible People” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт хоёр шавийн хамт оролцооч гэсэн урилга ирлээ. Гурван долоо хоногийн дараа тус улс руу хүлгийн жолоо зална.Монгол хүний оюуны потенциалыг гайхуулаад ирье дээ” гэж цахим хуудаснаа бичжээ.
МОУА-ийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн юм.
Тодруулбал, Шведийн тамирчин 30 минутад 5040 цифр цээжилсэн дээд амжилтыг Н.Мөнхшүр 5325 цифр болгож, Н.Энхшүр 5445 цифр болгон дэлхийн рекордыг эзэмшихээр болсон билээ.