Ард иргэд бид хогны машин ирж хогоо ачаад явхаар “за ашгүй ингээд муухай хогноосоо саллаа хэмээн боддог” гэтэл манай улсын нийт хог хаягдлын 70 хувь нь хөрсөнд булагддаг байна. Нэг ёсондоо салах биш зүгээр л өөрсдийгөө хууран нүднээсээ далд хийж байгаа хэрэг билээ.
Хогийг ингэж ангилан ялгалгүй хөрсөнд булахад элдэв химийн урвал явагдаж, орчиндоо тун хортой нөлөө үзүүлдэг аж. Адилхан л хөрс маань бохирдож байна.
Үүнээс зүй зохистойгоор шийдвэрлэхийн тулд удирдлагууд маань хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр хамгийн ээлтэй техник технологийг нэвтрүүлж чадсан бол Герман улстай хамтарч ажиллахаар болжээ.
Манай улс европдоо төдийгүй дэлхийд тэргүүлэх технологитой Германчуудтай тулгамдаж байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд эрчим хүч, хий гарган авах талаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон бөгөөд тэд эхний ээлжинд Улаанбаатар хот болон 21 аймгийн хог хаягдлын нэгдсэн судалгаа гаргах гэнэ.
Үүний дараа боловсруулах технологийн шийдлийг сонгох ба энэхүү судалгаан дээр үндэслэн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлэх төслөө тодорхой болгох юм. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр манай улс хог хаягдлаа дахин боловсруулж эрчим хүч гарган авах гэж байна.