Гэр бүлийн тусгаар тогтнол

Тусгаар тогтнол, эрх чөлөө гэдэг үгс хамтдаа нэгэн үндэс бүхий утга агуулдаг. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тухайн улс орны үндэсний язгуур эрх ашиг, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, ард түмний эрх чөлөө, улс орны нийгэм, түүх, хэл соёлын хөгжил дэвшлийн баталгаа юм. Энд “Хөгжил дэвшлийн баталгаа” гэдэг үгийг анхааралдаа аваарай.
Тэгвэл гэр бүлийн тусгаар тогтнол нь мөн ялгаагүй дээрх агуулгыг илэрхийлнэ. Таны гэр бүл хөгжин цэцэглэж, үр хүүхдүүд эрүүл бие бялдартай, саруул ухаантай өсөн торних, эхнэр нөхөр хоёр аз жаргалтай, амар тайван, амжилттай амьдрахад гэр бүлийн тусгаар тогтнол чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.
Эр хүн эхнэр авч, өрх толгойлж нэгэн “Бичил улс”-ыг байгуулахыг гэр бүл болно гэж үздэг. Гэтэл залуу гэр бүлүүд бие махбодын хувьд эхнэр авч, хүүхэдтай болж өрх толгойлж байгаа ч сэтгэлзүйн болон сэтгэлгээний хувьд, санхүү ба ахуй амьдралын хувьд тусдаа гарч тусгаар тогтнож чадахгүй байсаар байна.

Тусдаа гарч өрх толгойлсноороо өөрийн эцэг эхээс хараат бус байж эхнэр болон нөхрийн хамт бие даан амьдрах ёстой. Залуу гэр бүлүүд тусгаар тогтнож бие дааж амьдрахад эцэг эхийн нөлөө маш их байна. Ялангуяа манай Монголчуудын бүлгийн сэтгэлгээ зарим талаараа сөрөг нөлөө үзүүлдэг. Бүлгийн сэтгэлзүй нь бие биенээ хайрлан хүндэтгэх, настан буурлуудаа хайрлан энэрэх, нялхсаа асрах сайн сайхан үлгэр дуурайлалтай.

Гэхдээ залуусаа бие даалгах, хараат бус байхад сөрөг нөлөө үзүүлэх тал бий. Ээж аавуудад “Хүү минь, охин минь алдаа гаргачих вий, буруу үг хэлчих вий, буруудчих вий” гэсэн айдас байсаар хүүхдүүдээ бие даалгах эрх чөлөөг өгдөггүй. Тусгаар байна гэдэг нь ээж ааваасаа хол байна, хүйтэн хөндий байна гэсэн үг ерөөсөө биш юм. Тэд бие дааж байж, өөрөө хийж үзэж байж буруу зөвийг ойлгох, алдаагаа ухаарах, амжилтаа бататгах боломж олдож хөгжин дэвжинэ. Харин эцэг эхийн хараа хяналтан доор энэ бүхэн боломжгүй юм.

Тусгаар тогтнол гэдэг нь нэг талаасаа асар том хариуцлага, нөгөө талаасаа асар том эрх чөлөө. Эрх чөлөөн дор хийж бүтээх боломжууд бий, хариуцлага дор ухаарал, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, бусдын төлөөх зориулалт бас хайр буй.
Нэгэнт тусгаар тогтнолоо олсон гэр бүл цаашид амжилттай амьдрахын тулд дархлаатай байх хэрэгтэй. Дархлаа тогтоож чадахгүй бол эрх чөлөөгөө, тусгаар тогтнолоо амархан алдана. Дархлаа гэдэг нь гэр бүлийн гишүүд /эхнэр нөхөр/ бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, бие биенийхээ давуу тал дээр дөрөөлөн урагшлах, өөрийн гэсэн бяцхан “дүрэм” тогтоох явдал юм.

Танай гэр бүлийн онцлог, зан үйл, итгэл үнэмшил зэргээс шалтгаалан дүрмээ тогтоогоорой. Дүрмээ зохиохдоо дараах хэдэн санамжийг анхаараарай.

1. Таны эхнэрийг, таны нөхрийг шүүх, шүүмжлэх эрх мэдлийг гадны хэн нэгэнд бүү өг.
2. Асуудлаа өөрсдөө шийд. Хэн нэгэн оролцсноор та хоёрын асуудал хил хязгаараа даван гарах болно. Таны эхнэр болон та өөрөө давтагдашгүй нэгэн учраас та хоёрын хоорондын харилцаа ч мөн давтагдашгүй зүйл юм.
3. Ямар ч тохиолдолд таны эхнэр /нөхөр/, үр хүүхдүүд нэгдүгээрт байх ёстой, дараа нь аав ээж, ах дүү, хамаатан садан орох ёстой.
Дээрх санамжуудыг хэрэгжүүлснээр танай гэр бүлийн дархлаа зөв тогтож, урт удаан хугацаанд тусгаар тогтнолоо хадгалан, аз жаргалтай амьдрах үндэс суурийг тавьж чадна.

Гэр бүл судлаач: Манжаагийн Алтанцэцэг

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …