Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн МАН-ын бага хурлын II хуралдааныг хааж хэлсэн үг
Хурал хаагдаж байгаа учраас намын даргын хувьд хэдэн зүйл яръя гэж бодож байна. Үүрэг даалгавар өгнө өө. Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ надад бас байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ 2018 оны эхний улирлын байдлаар 6,1 хувьд хүрлээ.
Оны эхний хагас жилд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24,6 хувиар өслөө. Монгол Ардын Нам 2016 онд сонгуульд ялаад ажил авч байх үед Улсын маань эдийн засаг 1,1 хувь дээр очоод уначихсан, инфляц байхгүй, дифляцид орсон. Ард иргэдийн худалдан авах чадвар байхгүй болсон,өр ширэндээ баригдсан ийм хүндхэн амьдралыг бид хүлээж авсан юмаа.
Хоёр жилийн хугацаанд улсын маань ахуй амьдрал сайжирлаа. МАН-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тодорхой түвшинд хангагдан хэрэгжиж байна. Гадаад нэр хүнд өсөн нэмэгдэж байна. 2016 онд Монгол улс нэг бол дампуурлаа зарлах, нэг бол Олон Улсын Валютын сантай хамтран ажиллах хүндхэн нөхцөл байдлыг хүлээж авсан. Ингээд бид Олон Улсын Валютын сантай хамтарч ажилласан. Өнөөдөр Олон Улсын Валютын сангийнхан Монголд яг ажиллаж байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч байна. Манай эдийн засгийг тогтворжсон гэж Олон Улсын Валютын сан үзэж байгаа. Харин цаашдаа өсөлт гарна. Халалт бий болох болов уу гэж болгоомжлуулж байгаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. С зэрэглэлээс В зэрэглэл рүү шилжсэн. Энэ В зэрэглэл бол тогтвортой гэсэн үнэлгээг үзүүлж байгаа. Тийм учраас бид энэ улс орны эдийн засгийнхаа хувьд ахиц дэвшил гаргаж чадлаа гэж хэлж болно.
Намын дарга намын Их хурал дээр нэг зүйл хэлж байсан. Хэрвээ би намын даргаар сонгогдвол хоёр зүйл дээр анхаарч ажиллана.
Нэгдүгээрт: Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага дэг журмыг тогтоох.
Хоёрдугаарт: Улсын унаж буй эдийн засгийг зогсоож,сэргэлтийг хангах гэсэн ийм хоёр зорилтыг Намын дарга, Ерөнхий сайд дэвшүүлсэн. Энэ хоёр зорилтыг ханган хэрэгжүүлэхэд манай намын бага хурлын бүх гишүүд хүчин чармайлт тавьж,хариуцсан хариуцсан ажилдаа эзэн болж ажиллаж байгаад би намын даргын хувьд баяртай байгаа.
Сонгууль хаяанд ирлээ. Ойрхон байна. Улс орны маань амьдрал бас эргэж дэвжиж байна. 2014-2016 онуудад ихээхэн буурч байсан Уул уурхайн салбарын олборлолт,экспорт сүүлийн 2 жил дараалан тогтвортой нэмэгдэн өсч байна. 2017 оны эхний хагаст 18,9 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2018 оны эхний байдлаар 18 сая тонн нүүрсийг экспортод гаргаж нийтдээ 1,4 тэрбум ам долларын ашиг олсон байна. 2018 оны эхний байдлаар 734 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж 1 тэрбум америк долларын орлого олсон байна. Газрын тос, төмрийн хүдэр, жонш, цайрын баяжмал болон бусад эрдэс баялгийн экспорт нэмэгдлээ.
2018 оны эхний хагас жилд Монгол Улсын экспортын орлого 3,6 тэрбум америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар нэмэгдсэн байна. Би хамгийн сүүлийн тоо ярьж байгаа. Гадаад худалдааны тэнцлийн ашиг 822 сая америк доллароор ашигтай гарсан байгаа. Өнгөрөн 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ жил дахиад давж биелнэ. Бараг нэг их наяд орчмоор. Энэ бол сайн үзүүлэлт.
Гадаад экспорт анх удаа манай улсын түүхэнд 6 тэрбум америк доллар хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 1,1 тэрбум америк долларт очиж нэмэгдлээ. Гадаад валютын нөөц 3,2 тэрбум америк доллартой байна. 2016 онд 1 тэрбум дээр очоод уначихсан байсан бол өнөөдөр бид нар 3,2 тэрбум америк долларын валютын нөөцтэй болсон байна. Валютын нөөц нэмэгдэхийн хэрээр долларын ханш тогтворжиж байгаа. Та бид бүгдээрээ мэдэж байгаа өнөөдөр долларын ханш тогтвортой байна. Улсын импорт энэ жил 50 хувь нэмэгдсэн. Өчигдөр сангийн сайдаас мэдээлэл авлаа. Өнгөрсөн жилээс 50 хувиар нэмэгдсэн байна.
Төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого,тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4,1 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 4,1 их наяд төгрөгт хүрсэн байна. Нэг ёсондоо төсөв одоогийн байдлаар алдагдалгүй гарах магадлалтай байна. Ийм ололт амжилтууд бидэнд байна. Энэ ололт амжилтуудыг цааш нь улам баталгаажуулж ажиллах нь маш чухал байна.
Энэ хавар нийтдээ бид нар 390 мянган га талбайд үр тариа тарьсан. 70 мянган га талбайд тэжээлийн ургамал тарьсан. 20 мянган га талбайд төмс хүнсний ногоо тарьсан. Уринш сайн хийгдсэн. Хавар Ерөнхий сайд, Намын дарга газар тариалангийн бүс нутгуудаар явж ажилласныг та бүгд мэдэж байгаа. Газар тариалангийн бүс нутгаа бид тогтоосон. Энд манай тариаланчид их дуртай байгаа. Малчид маань ч гэсэн учир байдлыг ойлгож байгаа. Энэ намар бид сайн ургац авах болов уу гэж найдаж байна. 520-530 мянган үр тариа хураан авах бололцоо байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Дээр нь дотоодын гурил,төмсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангана гэж бодож байна. Хур бороо сайтай, элбэг дэлбэг хүн малын зоо тэнийсэн сайхан зун болж байгаа. Гэнэт огцом үер бууж,мөндөр орж тариа ногоог сүйтгэчихгүй бол ерөнхийдөө тааламжтай сайхан үе бидэнд ирж байна.
Ирэх жил атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой болно. Энэ жил манай тариаланчид их урамтай байгаа. 60 жилийнхээ ойг угтаж өндөр сайхан ургац хураан авна гэсэн тэмүүлэлтэй ажлаа хийж байгаа. Иймд тариалангийн бүсийн дарга нар тэднийгээ дэмжиж ажиллахыг би үүрэг болгож байна.
Бидний өмнө хоолой дээр хутга тавьчхаад байсан хэд хэдэн өрийн асуудал бас байсан. Гадаад өр төлбөр. Чингис бондын 500 сая америк доллар хүүгийн хамт, дим сан бондын 1 тэрбум юанийн өрийг өрийн зөв менежмент хийсний үр дүнд төлж барагдуулж дууслаа. Ямар ч байсан өрийн дарамтаас Монгол улс, Монголын эдийн засаг гарлаа гэж үзэж болно.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн жил гаруйн хугацаанд дотоодын арилжааны банкнуудаас өндөр хүүтэй арилжааны зээл авахыг зогсоосон. Засгийн газар зээл авахгүй явж байгаа. Үүний үр дүнгээр арилжааны банкнууд иргэд аж ахуй нэгжүүдэд зээл олголт нь сайжирсан. Нэг ёсондоо мөнгө чөлөөлөгдсөн. Засгийн газар өндөр хүүтэй бондоор мөнгө авдаг байсан бол тэр зогссон учраас аж ахуй нэгж, ард иргэд банкнаас зээл авч аж ахуйгаа хөтлөх боломж нөхцөлийг Засгийн газар бий болгож өгсөн. Одоогийн байдлаар өр зээлийн асуудал харьцангуй гайгүй болсон гэж бодож болно.
Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 21 их наяд 83 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн жилийн өрийн байдалтай харьцуулж үзэхэд 1,7 их наяд төгрөгөөр өрийг бууруулсан. Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өнгөрсөн жил 74,4 хувь байсан бол энэ жил 58,9 хувь хүрч ихээхэн хэмжээгээр өрийн тааз буурч байна. 74-өөс 59 дээр очиж байна. Энэ бол эерэг сайн үзүүлэлт.
Эдийн засгийн өсөлтийн хурдац нэмэгдэхийн хирээр банкны системийн зээл олголт нэмэгдэж байна. Та бүхэн ч энийг мэдэж байгаа. Оны эхний хагас жилийн байдлаар банкны системийн нийт зээлийн өрийн үлдэгдэл 15,4 их наяд болж өнгөрсөн үеийн мөн үеэс 19,4 хувиар нэмэгдсэн байна. Долларын ханш ч тодорхой түвшинд суларсан гэх мэт сайн үзүүлэлтүүд бидэнд байна.
Би эдийн засгийг хүнтэй зүйрлүүлж хэлэх дуртай. Урьд нь ч хэлж байсан. 2016 онд Монгол улсын эдийн засаг хүнээр зүйрлүүлж хэлэх юм бол 2016 онд эрчимт эмчилгээний тасагт буюу сэхээн амьдруулах тасагт амандаа амьсгалын аппарат зуучихсан, клиник үхэлд орчихсон ийм эдийн засгийг бид хүлээж авсан. 2017 онд энэ хүнийг сэхээн амьдруулахаас гаргаж энгийн тасагт шилжүүлсэн. Одоо 2018 онд бид энэ хүнийг эмнэлгээс гаргана гэж бодож байгаа. Гэрт нь эмчилж асарч сувилна. Ингээд 2019 онд энэ хүнийг ажилд нь оруулна. 2020 онд урьд нь энэ хүн эрүүл саруул ажил хөдөлмөр эрхлээд, цалин мөнгөө аваад гэр орноо тэжээж тэтгээд явж байсан байдалдаа эргэж орно. Яг ийм зорилттой Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг та бүхэн маань сайн ойлгож байгаа байх аа гэж бодож байна.
Бидэнд өнгөрсөн хугацаанд дүгнэлт хийхэд хэд хэдэн алдаанууд байжээ. Засах ёстой байсан, засаад ч явж байгаа. Нэгдүгээрт 2012- 2016 онуудад тооцоо судалгаа шинжлэх ухаанд суурилсан эдийн засаг санхүүгийн бодлогыг явуулж чадаагүй. Чингис Самура, Дим Сан гээд маш олон их хэмжээний өр зээлийг тооцоо судалгаагүй тавьж гадна дотроосоо асар их хэмжээний өр зээл авсан маань эдийн засгийг дампууруулах үндэс болсон байна.
Төрийн албаны сахилга бат дэг журам суларсан, ажлын хариуцлага үгүй болсон явдал нь эдийн засгийг ийм болход хүргэсэн. Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг дарамталдаг, хууль бус татвар авдаг байдал даамжирсаар сүүлдээ тэдний итгэл найдварыг алдсанаас ийм байдал үүслээ. Товчхондоо гаднын хөрөнгө оруулагч нарыг бид үргээсэн, айлгасан, тэд айгаад гарч явцгаасан. Олон улсад Монгол улсад итгэх итгэлийг алдаруулаад зогсохгүй хоёр хөршдөө ч итгэлээ алдсан. Тогтвортой улс төр тогтвортой хөгжлийг бий болгож чадаагүй. Хэт улс төржсөн байдал нь эдийн засгаа улс төр нь татаж унгасан явдал болсон. Харин өнөөдөр тэдний итгэл сэргэж Монгол руу орж ирж байна.
Дан ганц уул уурхайн салбарыг шүтэж амьдарснаас болж дэлхийн зах зээл дээр уул уурхай түүхий эдийн үнэ унасныг дагаад манай улсын экспортын орлого төсвийн бүрдэл тасарч, валютын урсгалд сөргөөр нөлөөлсөн гэх мэт зовлон бэрхшээлүүдийг бид өөрсдөө бий болгосноос болж эдийн засаг унаж ард иргэдийн амьдрал ахуй дордсон гэдгийг бид байнга бодож санаж явах хэрэгтэй. Энэ бүхнийг бид нар засаж залруулахаас өөр арга байхгүй. Ингэж байж амьдрал дээшилж, ажил урагшилна. Тийм учраас Ерөнхий сайдын, Намын даргын тавьж байгаа 2 зорилт бол НИЙГЭМД ШУДАРГА ЁС БЭХЖҮҮЛЭХ, ТӨРИЙН АЛБАНЫ БҮХ ШАТАНД САХИЛГА БАТ ДЭГ ЖУРМЫГ ТОГТООХ, ДЭЭР НЬ ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТЫГ ЗОГСООЖ, СЭРГЭЛТЭЭР ХАНГАХ. ЭНЭ ХОЁР ЗОРИЛТЫГ БАГА ХУРЛЫН ГИШҮҮД МААНЬ САЙН ОЙЛГОЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХОЁР ЗОРИЛТ ДОТОР БҮХ ЗҮЙЛИЙГ БАГТАЖ БАЙГАА ШҮҮ. Улсынхаа эдийн засгийг өөд нь татъя, айл шиг айл, улс шиг улс байя гэвэл бид сахилга бат, дэг журмыг тогтоохоос өөр арга байхгүй юм билээ. Бидний ажлын үндсийн үндэс бол сахилга бат дэг журам шүү дарга нар аа. Хөдөө гадаа хаана явсан газраа Ерөнхий сайд, Намын даргын хувьд би энийг ярьж байгаа. Бүх сайд, бүх шатны албан тушаалтнууд та бүхэн энэхүү сахилга бат дэг журмыг шат шатандаа тогтооход манай бага хурлын гишүүд ч хариуцлагатай ажиллах ёстой. Нам дотроо, Төрийн албанд, айл гэр аж ахуй нэгж бүгд хариуцлагатай байдлыг бий болгох ёстой. Энэ хариуцлагагүй, САХИЛГА БАТГҮЙН ЗУД нүүрэлснээс болж эдийн засгийн ийм байдалд орсон. Энэ зүйлд ард түмэн асар их бухимдаж байгааг бодож ажиллах хэрэгтэй гэдгийг цохон хэлмээр байна.
Зун цаг дууслаа, намар цаг эхэллээ хадлан тариалан, өвс тэжээл гээд аж ахуйн хариуцлагатай ажлууд бид бүхний өмнө байна. Энд аймаг орон нутгийн дарга нар ирсэн байна. Өдөр тусгайлан уулзаж үүрэг даалгавар өгнө. Одоо өвөлжилтөө маш сайн анхаарах хэрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл хангах хадлан тэжээл, хашаа саравчаа нөхөхөөс эхлээд ажил их байна. Одоо найр наадам өндөрлөсөн шүү. Сайхан баярлацгаалаа одоо ажлаа хийх цаг болсон, хүн бүр ажилдаа орох хэрэгтэй. Нэн ялангуяа байгууллагын дарга нар ажилдаа орох цаг болсныг би хэлсэн. 8 сарын 1-нээс бүх байгууллагын дарга нар ажилдаа орцгоо, албан тушаалтнууд ээлжит горимоороо амраад 8 сарын 20 гэхэд бүх төрийн албан хаагчид ажилдаа орох ёстой.
Ард иргэд бидэнд итгэж, итгэлийн нүдээр харж байна. Хэд хэдэн удаагийн судалгаагаар явуулсан, тасралтгүй сар бүр судалгаа хийж байгаа. Ард иргэдийн итгэл найдвар хөсөрдөөгүй байгаа. Юм сайжрах байх, дээшлэх байх дэвших байх, ардын нам энэ ард түмнийхээ асуудлыг шийдэх байх гэсэн энэ итгэлээр биднийг 2016 оны сонгуулиар биднийг яаж сонгосон яг тэр байдлаар хараад л байж байна. Тиймээс энэ итгэл найдварыг зүтгэлээр хариулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ итгэл найдвар юун дээр харагдаж байна вэ гэдэг хамгийн сүүлд болсон орон нутгийн сонгуулиуд дээр хүртэл харагдлаа. БАЯН-ӨЛГИЙ, БУЛГАН, ДУНДГОВЬ, ЗАВХАН, СЭЛЭНГЭ, ӨМНӨГОВЬ, ТӨВ, УВС, ХОВД, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙ НИЙТ 11 АЙМАГТ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БОЛОН СУМЫН ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХАД МАНАЙ НАМ ДАХИН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТЫГ БАЙГУУЛСАН. ЭНЭ НЬ АРД ТҮМЭН БИДЭНД ИТГЭЖ БАЙГААГИЙН ТОМ ИЛЭРХИЙЛЭЛ. ЭНЭ ИРГЭД НАЙДВАРЫГ БИД НАР ЗҮТГЭЛЭЭР ХАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ. Саяны нэр дурдсан аймгуудын удирдлага хамт олонд намын бага хурлын нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье. Амжилт хүсье.
Нам дотроо эв нэгдэлтэй байх ёстой. Намын даргын эрхэмлэн авч явдаг зүйл бол эв нэгдэл. Энэ бол манай намын бага хурлын бүх гишүүд бодож явах ёстой зүйл. Гэхдээ би эв нэгдэл гэдгийг муу муухай зүйлээ нууж хаа гэсэн үг гэж ойлгохгүй байгаа. Эв нэгдэл гэдэг бол шударга ёсон дээр тогтсон эв нэгдлийг хэлж байгаа. Бидэнд алдаа дутагдал байна, засаж залруулах тал дээр та бүхэн маань санаачлага гаргаж сайн ажиллаарай гэдгийг хэлье.
Бага хурлын нийт гишүүдэд амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.