Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр /2018.08.17/ Монгол Улсад айлчилсан Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Фернандо Кабрал, Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис, Уругвайн Хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих “Uruguay XXI” агентлагийн захирал Антонио Карамбула нарыг хүлээн авч уулзав.
Д.Даваасүрэн 2018 оны дөрөвдүгээр сард Уругвайн Гадаад хэргийн дэд сайд А.Бергаминогийн айлчлал үр дүнтэй болсныг тэмдэглэж, айлчлалын мөрөөр Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө уругвайн тал идэвх санаачилгатай ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов.
Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид мөн өдөр МҮХАҮТ дээр зохион байгуулагдсан Монгол, Уругвайн анхдугаар бизнес уулзалтад оролцож, Уругвай Улстай бизнесийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулга хийсэн бөгөөд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Монгол, Уругвайн хооронд 1997 оны аравдугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны иргэд 2018 оны зургаадугаар сараас 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих болсон. Уругвай улс Монголд Консулын газраа нээх шийдвэр гаргасан тухай мэдээлэв.
Эх сурвалж: ГХЯ