ЗТХ-ийн дэд сайд орон нутагт ажиллалаа

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Буд нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймгуудад  ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын засвар арчлалт, Дархан- Сэлэнгийн  ургацын замын нөхцөл байдалтай танилцаж, УБТЗ-ын “Дархан-2” өртөөнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэд сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа.

АО401 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замд судалгаагаар зам тээврийн осол их гардаг 26 цэг байгаагаас 9 цэг нь хамгийн олон давтамж бүхий ”хар” цэг байдаг байна.

Тухайлбал 52-ын даваа, 60-ын даваа, Улаан цав /85км/, Шавартайн голын гүүр /97,8км-т/ Тахилтын даваа /119/,  Мандал сумын салдаг уулзвар /129,5/,  Нарийн хөндий /133/, Хустайн даваа /183/, Цайдмын хөндий /194/ гэсэн эдгээр хар цэгүүдэд гардаг ослын гол шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлдэг, өгсүүр даваатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, огцом эргэлттэй хэсгүүд байгаа тул энэ хэсгүүдэд ЗТХ-ийн дэд сайдын зүгээс илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Ялангуяа хөдөлгөөний эрчимжилт эрс нэмэгддэг энэ үеүүдэд аюулгүй байдлыг хангах үүднээс ЗТХ-ийн дэд сайд өнгөрсөн 7 хоногоос эхлэн ЗТХТөв, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, хурд хэмжигчийг нэмж байршуулах, авто замын хөдөлгөөнт эргүүлийг тус хэсэгт ажиллуулах шийдвэр гаргасан.

Тус шийдвэрийн биелэлт үр дүн, мөн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ЗТХТ, Тээврийн цагдаагийн газар, орон нутгийн АЗЗА, тус чиглэлийн Замын цагдаагийн удирдлагуудтай уулзаж санал солилцож, зарим үүрэг, чиглэлийг өглөө.

Мөн авто замын ойр амьдардаг нутгийн иргэдийн оролцоотойгоор 5-10 км тутамд замыг эзэнжүүлэх. Үүний үр дүнд замын арчлалт,  ХАБ-ын хяналт сайжрах, тодорхой хэмжээгээр ажлын байр нэмэгдэх олон талын үр дүнтэй тул АЗХТөвд энэ асуудлыг судлаад ойрын хугацаанд хэрэгжүүлэх аргачлалаа боловсруулж оруулж ирэхийг ЗТХТ-ийн удирдлагад даалгалаа.

Цаашид: Авто замын төлбөр хураах цэгийг цэгцлэх, орлогыг замын засвар арчлалтад зарцуулах шийдлийг гаргах.

-Осолд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламжыг яаралтай үзүүлэхэд анхаарч ЗТХЯ, ЭМЯ-ны хамтарсан шийдвэр гаргаж замын цагдаагийн дуудлагатай хамтатган ойролцоох төв суурин газраас эмнэлгийн ажилтануудыг яаралтай ирүүлж цаг алдалгүй тусламж үзүүлэхэд анхаарах.

-Бүрэн бус техник хэрэгслийн зөрчлийг арилгаж хөдөлгөөнд оролцуулдаг байх. Авто замын хяналтын постод авто оношилгоо, үйлчилгээний төвийг хувийн хэвшилд түшиглэн байгуулах. Хууль зүйн яамтай хамтарсан шийдэл гаргах.

-Замын хажууд түр зогссон техник хэрэгслийн арын гэрэл дохиог асаах, тэмдэг тэмдэглэгээг байрлуулах зэргээр аюулгүй байдлыг бүрэн хангаж, бусад зорчин өнгөрч буй тээврийн хэрэгсэлд саад учруулахгүй нөхцлийг бүрдүүлэхэд хөдөлгөөнт эргүүл, постууд хяналт тавих.

-Авто замын хөдөлгөөнт эргүүлийг цаашид олон нийтийн цагдаад түшиглэн  тогтмол ажиллуулах. Торгох шийтгэх гэхээс илүү сануулга, зөвлөмж өгөх, хөдөлгөөнд соёлтой оролцох хэвшлийг бий болгоход  нь анхаарч ажиллах нь зөв юм. Цааш цаашдаа мэдээж “карма”-тай нь ярьж таарна. Энэ бүхний үр дүн гол нь жолооч, зорчигч нарын амь нас, аюулгүй хангахад чиглэгдэж байгаа гэдгийг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар онцолж байлаа.

Мөн энэ үеэр Төв аймгийн Борнуур сумын гүүрэнд суулт үүсч, нуралтын байдалтай болсныг газар дээр нь үзэж холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзан гүүрийн засварыг богино хугацаанд хэрхэн шийдэж болох талаар ярилцсан бол, Сэлэнгэ аймгийн Зүүн-бүрэн, Цагаан-нуур суманд  ажиллахдаа ургацын замыг ид ачааллын үеэр техникийн эвдрэл, сааталгүй байлгах, замын нөхцлийг сайжруулах чиглэлээр хоёр удаагийн хусалт хийж, зарим шаардлагатай засваруудыг хийх үүргийг холбогдох албаны хүмүүст тус тус өглөө.

/Жич: Улсын хэмжээнд хэрэгцээт үр тарианы ихэнх хэсгийг буюу 70 хувийг Сэлэнгэ аймаг хангадаг бөгөөд үүний 60 хувийг Шаамар, Зүүн-бүрэн, Цагаан-нуур, Түшиг сумаас нийлүүлдэг байна. Тус чиглэлийн 108 км авто замыг хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг орон нутгийн удирдлагуудаас тавьсаны дагуу 2019 оны улсын төсөвт 50 хувийг суулгахаар ЗТХЯ-наас СЯ-нд хүргүүлээд байна/.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нөхцөл байдал:

  • Улаанбаатар Дархан чиглэлийн авто зам насжилт өндөр, Төв аймгийн Жаргалантын салаа зам хүртлэх 108 км замыг 1937-1943 онд, үлдсэн хэсгийг 1971-1975 онд хатуу хучилттай зам тавьсанаас хойш 1996-2000 онд АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэсэгчилсэн их засвар болон зарим газар шинэчлэл хийсэн. /102,3 км-т/

Дараа нь 2014 онд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар УБ-Дархан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй хэсэг болох 25,4 км авто замд ээлжит засварын ажил хийгдсэн байна.

Харин тус чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж 3-н жилийн өмнөхтэй харьцуулбал хоёр дахин өссөн хэдий ч засвар арчлалтын хувьд төсөв мөнгөнөөс шалтгаалж гарсан эвдрэлийг тухайн хэсэгт нь нөхөх байдлаар явж иржээ.

Энэ жил бороо хур ихтэйгээс замын эвдрэл эрс нэмэгдэж ЗТХЯ-наас үүссэн эвдрэлийг шуурхай засварлахад 600 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэснээр  7,8 дугаар саруудад хучилтад үүссэн 11900 м2 бүхий нүхний засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

  • ХАБ-ыг хангах чиглэлээр ЗТХ-ийн сайдын тушаалаар 2018 онд олон улс, улсын чанартай авто замыг тэмдэг тэмдэглэгээг сайжруулах жилийн аян зарлаж, энэ хүрээнд Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбарыг олон улсын стандартад нийцүүлэн засварлан шинэчлэх, шаардлагатай газруудад нэмж суурилуулах ажил үе шаттайгаар хийгдэж байна. Мөн шинээр 205 км авто замын цагаан шугамыг шинэчлэн сайжруулах ажлуудыг тус тус хийгээд байна.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …