АТГ сар бүрийн 25-ний өдөр хийсэн мэдээлийнхээ үеэр Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэх мэдээллийг өгсөн юм.
Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр“АТГ-аас өнгөрсөн оны эхэнд манай яаманд мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээлэл нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компанийн тухай байсан. Эдгээр компаниуд дотроос ажил авсан юм байна гэж би ойлгож байгаа. Энэ салбараас цалин авчихаад энэ салбараар бизнес хийж болохгүй. Асуудлыг надтай холбох гэсэн оролдлого их гарч байгаа. Миний төрлүүдээс, миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө. Өмнө нь ч миний хоёр дүүг дарга болчихлоо гэх мэдээлэл гарч л байсан. Нэг сонин дээр нэлээд гүтгэлэгийн шинжтэй материал гарсан учраас би өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэр хэвлэлийг хуулийн байгууллагад нь өгсөн. Миний зүгээс АТГ-т шалгагдаж байгаа хүн яаманд байхгүй гэж бодож байна. “гэв.