Энэхүү шийдвэрийг 9 дүгээр сарын 3-нд Ираны нийслэл Тегеран хотноо эхэлсэн 43 дугаар уулзалтын үеэр гаргасан ба тус уулзалтын явцад өнөөгийн нөхцөл байдалд ОАНА-гийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах тухай асуудлыг төлөөлөгчид хэлэлцжээ.
Нээлтийн ёслолд Ираны засгийн газрыг төлөөлөн тус улсын Соёлын сайд Аббас Салехи оролцлоо. Харин Вьетнам улсаас ВМА-ийн Ерөнхий захирал, Вьетнамын Коммунист намын Төв хорооны гишүүн Нгуен Дук Лой тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
“Манай байгууллагын 57 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд ОАНА нь дэлхий даяар түгээж буй мэдээллийн гуравны хоёрыг нийлүүлдэг болсон хэдий ч төсөөлж байсантай харьцуулахад олон улсын тавцанд нөлөөлөл багатай байна” гэж Ираны ИРНА агентлагийн гүйцэтгэх захирал Зиа Хашеми нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн байна. ОАНА зохион байгуулалтаа дахин шинэчилж, байгууллагын бүх гишүүдийн боломжийг дайчлах замаар илүү идэвхтэй байгууллага болоход чиглэн ажиллах хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэллээ.
Хуралдааны үеэр төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сард БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болох ОАНА-гийн 17 дугаар Ерөнхий Ассамблейн үеэр хэлэлцэх үндсэн асуудлуудыг зөвшилцөн тохиролцлоо.