ӨМӨЗО-ны Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ойд зориулсан гурав дахь удаагийн форум “Blue Sky” зочид буудалд боллоо. “Солонго мэдээллийн төв”-ийн албан ёсны төлөөлөгчийн газрыг Монгол Улсад 2014 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо байгуулж, түүний дэргэд “Солонго” сэтгүүлийн редакцыг байгуулсан юм. Тэгвэл өдгөө цар хүрээ улам өргөжин тэлж “Солонго” сонин, “Solongonews.mn”, “Solongoru.mn” сайт, Солонго гар утасны аппликейшн, микроблог, вичат зэрэг мэдээллийн олон төрөлт хэрэглүүрүүд болж үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийтлэлийн бодлогынхоо хүрээнд гадаад харилцаа, эдийн засаг, ард түмний зан заншил, аж амьдрал, соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зэрэгт чиглэн нийтлэлээ боловсруулсаар ирсэн бөгөөд хот болон 21 аймгийн уншигчдыг жигд хамруулан ажиллаж байгаа юм.
Солонго сэтгүүл хоёр улсын хамтын ажиллагааны болон соёлын арга хэмжээг зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Өнөөдрийн гуравдугаар форумын үеэр “Миний мэдэх хоёр хөрш” зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдын шагналыг гардуулан өглөө. Тус уралдааныг Монгол бичиг болон Хятад хэл гэсэн хоёр төрлөөр зохион байгуулсан бөгөөд Монгол бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн нэгдүгээр байрт 14 дүгээр сургуулийн сурагч Т.Хишигдэлгэр, хоёрдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч Э.Жавхлан, Э.Уянга, гуравдугаар байрт 14 дүгээр сургуулийн сурагч А.Энхтуул, С.Дарьсүрэн, Т.Халиун нар тус тус шалгарлаа. Харин Хятад бичгээр ирүүлсэн зохион бичлэгийн төрөлд нэгдүгээр байрт н.Энхжин, хоёрдугаар байрт Ля Жа Шин, н.Мишээл, гуравдугаар байрт М.Солонго, Мон Шан, Жү Юн Шу нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.