УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас хүссэн. Түүний байр суурийг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан юм.
Гишүүдийн шаардлагын дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хоёр ч удаа хуралдаж, Хууль зүйн байнгын хороог хуралдаж ээлжит бус чуулган зарлах товыг тодорхой болгох чиглэл өгсөн.Харин Хууль зүйн байнгын хорооны хурал ирц хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар хойшлогдоод хоёр сарын хугацаа өнгөрч байна.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд Хууль зүйн байнгын хорооны хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг шаардаж шаардлага хүргүүлжээ.
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүний 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8484 тоот албан бичгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлага гаргаснаас хойш бүтэн хоёр сарын хугацаа өнгөрчээ.
Дээрх шаардлагатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга 2018 оны 07 дугаар сарын 19-ний 1/8636 тоот албан бичгээр ирүүлсэн хариуд “…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн” тухайгаа уламжилсан байдаг.
Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас тус Байнгын хорооны нийт гишүүний олонх нь хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаар хуралдаан хойшилсон болно.
Энэ байдал нь Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа болохыг анхааруулъя.
Иймд Хууль зүйн байнгын хорооны хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг танаас дахин шаардаж байна.