УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид асуулга тавьжээ.
Асуулгад “Сүүлийн жилүүдэд хүүхэд хулгайлах, хүн сураггүй алга болох, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд сураггүй алга болох тохиолдол өсч, тухайн үйлдлийн ард хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг нууцлаг байдлаар үйлдэгдэж байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод болон орон нутагт хүүхэд хулгайлсан, сураггүй алга болсон тохиолдлууд бүртгэгдэж зарим хүүхэд өнөөдрийг хүртэл олдоогүй байна.
2018 оны наймдугаар сарын байдлаар сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн 5977 хүн байгаагаас 2851 хүүхэд, есдүгээр сарын байдлаар хүн хулгайлсан гэмт хэргийн хохирогч болсон 7 /өмнөх оноос 3.5 дахин өссөн/, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон 4 хүн байна гэсэн статистик мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан байна. Зөвхөн албаны тоо баримтыг дурдахад ийм дүн харагдах бөгөөд албаны тоо баримтын гадуур, хяналтгүй хэдэн хүүхэд, эмэгтэйчүүд энэ гэмт хэргийн золиос болсныг тогтоох боломжгүй нь энэ асуудалд УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд онцгойлон анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.”
Тиймээс асуудал хариуцсан сайдын хувьд Танд хандан дараах асуулгыг тавьж байна. Үүнд:
- Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаа тухай
- Дээрх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, тодорхой ямар үр дүн гарсан талаар
- Хуулийн зохицуулалтыг өөрчлөх, хариуцлагын тогтолцоог чангаруулах талаар ямар саналтай байгаа болон Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, холбогдох хууль хяналтын байгууллагын зүгээс тус асуудлаар ямар ажил санаачлан хийж хэрэгжүүлсэн, цаашид ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар
Асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.