Дэлхийн хэмжээнд гар аргаар болон бичил уурхайн алт олборлолтод 10-15 сая хүн оролцож байдгаас 4,5 сая нь эмэгтэйчүүд, 1 сая нь хүүхэд байдаг. Алтны үнийн эрс өсөлт нь ойрын жилүүдэд мөнгөн ус ашигладаг уурхайчдын тоог ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна.
Тиймээс Минаматагийн өвчин, нэн ялангуяа мөнгөн усны бохирдлоос хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учирсан ноцтой үр дагавраас сэргийлэх, улмаар мөнгөн усны зохистой зохицуулалтыг хангахын тулд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн усны чимээгүй аюул…, Минамата конвенц” гэрэл зургийн үзэсгэлэнг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өнөөдөр нээлээ.
Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцсон бөгөөд тэрбээр “Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд маш ноцтой хор аюул учруулдаг мөнгөн усны эмгэнэлт түүхэн сургамж болсон дэлхий нийтийг түгшээсэн нэгэн шинэ төрлийн өвчин Япон Улсад гарч, түүний эсрэг арга хэмжээ авч эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрсөн боловч хор уршиг нь одоо хүртэл арилаагүй байгаа билээ. Харин манай оронд тохиолдсон бас нэгэн сургамжит түүхийг сануулахад 2007-2008 онд химийн хорт бодистой тээрмээр алтны хүдэр боловсруулах хууль бус үйл ажиллагаа өрнөж нийт 6 аймгийн 21 сумын 130 цэгт хуримтлагдсан 92 956 м3 буюу 139 410 тн шламыг тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 78 965 м2 талбайд хөрс хуулалт хийн саармагжуулан орон нутагт хүлээлгэн өгөх ажлыг Монгол Улсын засгийн газар амжилттай авч хэрэгжүүлсэн.
Байгаль орчин, хүн ардынхаа эрүүл аюулгүй, химийн бодисын бохирдолгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, мөнгөн уснаас үүссэн онц аюултай энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургамж авах зорилгоор манай яам санаачлан Япон улсын “Дэлхийг ногооруулах холбоо”-той хамтран энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгийн зорилго бол мөнгөн усны хор хохирол ямар аймшигтай юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуухад чиглэж байна.
Монгол Улс мөнгөн усны хэрэглээг бууруулах, бүрмөсөн хориглох, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй байгаль орчин, хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 4 сарын 30-ны өдөр “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг соёрхон батлах тухай” хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээр Ази тивээс уг конвенцид нэгдсэн анхдагч улсуудын нэг болсон билээ. Монгол улс мөнгөн ус, түүнийг агуулсан бүтээгдэхүүний тооллого хийх, мөнгөн усны хэрэглээг зогсоох тухай үндэсний хөтөлбөр боловсруулах зэргээр уг конвенцийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Манай улсад энэ үзэсгэлэнг анх удаа гаргаж байгаа нь конвенцийн гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа чухал үйл явдал болж байна” гэлээ.
Үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 3-наас 12 дугаар сарын 25-ныг дуустал Даваагаас Баасан гаригуудад 08:30-17:30 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэгдэнэ.