УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
Тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тэрбээр, “ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус салбарт гарсан асуудлуудтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны наймдугаар сарын 12-нд Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн. Уг асуудлыг хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газраас төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх тогтоол гарган ажиллаж байгаа. Мөн бүх төрийн байгууллагад шалгалт хийж байгаа. “ДЦС 4”-т гарсан ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг мөн ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төрийн албаны сахилга, хариуцлагаг дээшлүүлэх 47 журмыг шинэчлэн батлаад байна” гэсэн тайлбар өглөө.
УИХ-ын гишүүнЛ.Болд:Засгийн газраас сайдыг чөлөөлсөн л бол УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулаад сайдыг томилуулах шаардлагатай байсан юм. Энэ бол төрийн ажил удаашралтай явж байгаагийн нэг илрэл.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:Сүүлийн өдрүүдэд гадаадын тагнуулын байгууллага Монголд баривчилгаа хийх оролдлого хийсэн, галт тэрэг замаасаа гарсан, яамны байранд хүн амины хэрэг гарсан зэрэг олон асуудал гарлаа. Нийгмийг цочроосон эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах хэрэгтэй. Мөн дээрх бүх асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж чадахгүй бол бид энд суух шаардлага байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:Өнөөдөр мэргэжлийн дагуу, ажлаа мэддэг, мэргэжлийн түвшинд сайн удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд ёсзүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь харамсалтай байна. Төрийн албаныхны, яам тамгын газарт байдаг бугшсан байдлын золиос болж ажлаа өгч байна гэж ойлгож байна. Яаманд болсон гэмт хэргийн асуудал бол яамны газар хэлтсийн дарга нарын хоорондын хэрүүл, тэмцэл албан тушаал булаалцалддаг ийм байдлын шууд үр нөлөө. Үүнийг санамсаргүй болсон хэрэг гэж бодож болохгүй. Б.Махбал гэдэг хүн Дорждагвыг газрын даргаар томилох гэж талийгаачийг өрөөндөө 6-7 удаа өрөөндөө дуудаж дарамталж, АТГ-аас Дорждагвыг газрын даргад тохирохгүй гэж бичиг ирснийг нь сайдаасаа хүртэл нуусан байдаг. Хууль хүчний шударга ёс хаана байна вэ гэж Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос асуумаар байна. Энэ хэрэг бол санаатай зохион байгуулалттай гэмт хэргийн бүрэлдэхүүн.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.