Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Цагаан-Уул-2018” яруу найргийн тов гарлаа.
1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ.
Тус наадмыг МЗХ, Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран ирэх сарын 02-нд зохион байгуулах юм. Залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулахад тус наадмын зорилго оршиж байна.
Хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор дөрвөн үе шаттай явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана.
Эцсийн шатанд шилдэг 5 яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөх юм. Орон нутгаас оролцогчид энэ сарын 25-27-ныг дуустал тухайн аймаг, сумын Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар Myf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ.
Улаанбаатар хотоос оролцогчид энэ сарын 27-31-ныг дуустал МЗХ-ны 2 давхарт 207А тоотод бичгээр болон Myf@myf.mn хаягаар шүлгээ ирүүлнэ.
Оролцохыг хүсэгчид www.myf.mn цахим хаягаар бүртгүүлж, овог, нэр, утас, аймаг дүүргийн харьяалал, шүлгийн хамт ирүүлнэ.