Хятад улс гадаадын орнуудаар аялдаг жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа тухай тус улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд мэдээлжээ.
2016 онд гадаадын орнууд болон бүс нутгуудад аялсан хятад жуулчдын тоо 135 саяд хүрсэн бол 1995 онд энэ тоо дөнгөж 5 сая байжээ. Энэ нь өнгөрсөн 21 жилийн хугацаанд уг үзүүлэлт нь жилд дунджаар 17.6 хувиар өссөн гэсэн үг юм гэж тус хорооны тайланд тэмдэглэсэн байна.
Хятад улс нь 2013 оноос эхлэн гадаадын орнуудаар аялдаг жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж эхэлсэн ажээ.
“Ирэх жилүүдэд гадаадын орнуудад хийх аялал жуулчлалын зах зээл жилд дунджаар 5 хувиар тэлэх төлөвтэй байгаа ба 2020 он гэхэд манай улсын жуулчдын гадаадад хийх аяллын тоо 157 саяд хүрнэ” гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын академиас мэдээлсэн байна.