Ливийн зүүн нутгийн боомт хот болох Дарна хотод тус улсын аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын явуулсан ажиллагааны үеэр Египет улсад эрэн сурвалжлагдаж байсан Хишам ал-Ашмавиг баривчилсан байна.
Египет улсад үйлдсэн олон аймшигт халдлагыг зохион байгуулсан хийгээд төрийн өндөр албан хаагчийн аминд хүрэхийг завдсан хэрэгт түүнийг буруутгаж байгаа юм.
“Гэмт этгээдийг Дарна хотын Ал-Магхар дүүргээс баривчлах үед биедээ тэсрэг бөмбөг тээсэн байсан боловч тэсэлж чадаагүй” гэж Ливийн үндэсний армийн төлөөлөгч мэдээлжээ.
“Мөрдөн шалгах ажиллагааны дараа уг босогчийг Египетийн талд шилжүүлнэ” гэж Ройтерс агентлагийн мэдээнд тэмдэглэсэн байна. Египет улс нь Ливийн үндэсний армитай ойр дотно харилцаатай байдаг бөгөөд Египетэд террорист ажиллагаа явуулдаг жихадистуудыг онилон Дарна хотод удаа дараа агаарын цохилт өгч байсан юм.
Египетийн холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, Ашмави нь 2013 оны тавдугаар сард Дотоод хэргийн сайд Мохамед Ибрахимийг хөнөөхийг завдсан хийгээд 2015 онд нэгэн нэртэй прокурорын сууж явсан машиныг дэлбэлж, аминд нь хүрсэн хэргүүдийг зохион байгуулсан аж.