Туркийн Мармарис хотын үнэт эдлэлийн дэлгүүрт орж ирсэн Ирландын нэгэн жуулчин эр 35 мянган еврогийн үнэ бүхий алмаазан шигтгээтэй бөгжийг залгижээ. 54 настай тэрбээр дэлгүүрт орж ирээд ганцаараа ажиллаж байсан худалдагч бүсгүйгээс бөгжийг үзэхээр авангуутаа шууд залгисан байна.
Ирланд жуулчин буруугаа хүлээхгүй байсан боловч хяналтын камерын бичлэгийг үзсэн цагдаа нар түүнийг баривчилжээ. Ингээд буруутай этгээдэд мэс засал хийснээр бөгжийг гарган авч, эзэнд нь эргүүлэн өгчээ.
Ирланд эр өөрийн энэхүү хачирхалтай үйлдлийг тайлбарлахдаа, түүний эхнэр нь Ирландад автомашины ослоор нас барж, хуримын бөгж нь алга болсон тухай ярьсан байна. “Гоёл чимэглэлийн дэлгүүрт орох бүртээ би эхнэрээ дурсан санадаг, энэ үед гоёлын зүйлсийг авах гэсэн хүсэл маш ихээр төрдөг” гэж тэрбээр ярьжээ.