УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороохуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн тайланг сонсох юм.
Харин 11.00 цагт болох Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх аж.
Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаарДэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо, Цахим бодлогын түр хороо хуралдана. Цахим бодлогын түр хорооны хуралдаанаарЦахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөө, Төрийн албаны хэрэглэж буй болон шинээр нэвтрүүлэхээр төлөвлөгдсөн программ хангамж, түүний үр ашиг, аюулгүй байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах тухай юм.